
Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар чуулган (COP17)-ы Санхүүжилтийн өдрийг нээж үг хэлж, Санхүүжилтийн талаарх Сайд нарын хэлэлцүүлгийг даргалав.
Шадар сайд Т.Доржханд нээлтийн үгэндээ, “COP-17-ын зохион байгуулагч, тэргүүлэгч орны хувьд Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал болон тогтвортой хөгжлийн асуудал дэлхий нийтийн өмнө урьд өмнөхөөсөө илүү чухлаар тавигдаж буй энэ цаг үед олон улсын хамтын нийгэмлэгийг нэгтгэн чуулж байгаадаа баяртай байна.

Эрүүл, үржил шимтэй газар нутаг нь эрүүл, тогтвортой эдийн засгийн үндэс билээ. Гэвч өнөөдөр дэлхий дахинд газрын нөхөн сэргээлтийн санхүүжилтийн жилийн хэрэгцээ болон бодит хөрөнгө оруулалтын хооронд 278 тэрбум ам.долларын зөрүү байна. Энэхүү санхүүжилтийн зөрүүг арилгах нь зөвхөн байгаль орчны асуудал биш, харин эдийн засгийн зайлшгүй шаардлага юм.
Монголчууд бид олон мянган жилийн турш тал нутгийнхаа байгалыг хамгаалан, түүнтэй зохицон амьдарч ирсэн ард түмэн юм. Манай нүүдлийн соёл иргэншил нь байгаль дэлхийгээ хүндэтгэх, хүний сайн сайхан амьдрал нь эрүүл хөрс, цэвэр ус, тэнцвэртэй экосистемээс салшгүй хамааралтайг гүн гүнзгий ойлгосон уламжлал дээр суурилдаг. Энэхүү уламжлалт мэдлэг, үнэт зүйлс өнөөдөр ч Монгол Улсын бодлого, үйл ажиллагааны чиг баримжааг тодорхойлсоор байна. Ийм учраас Монгол Улс газрын доройтлыг нөхөн сэргээх, цөлжилттэй тэмцэх, нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх, экосистемийн тэсвэртэй байдлыг бэхжүүлэх зорилго бүхий “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн-ийг хэрэгжүүлж байна. Энэ хөдөлгөөний хүрээнд Монгол Улс байгаль орчныг хамгаалах болон нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг шаардлага хангасан нийтийн ашиг сонирхлын байгууллагуудад татвар төлөгчид татвар ногдох орлогынхоо нэг хүртэлх хувийг хуваарилан шилжүүлэх боломжийг бүрдүүлсэн шинэлэг механизмыг нэвтрүүлээд байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.


Өнөөдөр Монгол Улс төдийгүй COP17-ын хувьд бас нэгэн чухал үйл явдал болж байна. COP17-ын Тэргүүлэгч орны хувьд Монгол Улс энэхүү бага хурлын өв, үргэлжлэх хөтөлбөр болгон “Бэлчээрийн экосистемийн тэргүүлэх санаачилга”-ыг албан ёсоор эхлүүлж байна. Бэлчээрийн экосистемийн тэргүүлэх санаачилгын хүрээнд бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтэд зориулан эхний ээлжинд 1 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаа бөгөөд Бэлчээр ба мал аж ахуй эрхлэгчдийн дэлхийн эвсэл байгуулах, мөн Монгол Улсад Уур амьсгалд тэсвэртэй хуурай бүсийн Евразийн төв-ийг байгуулж, шинжлэх ухаан, инноваци, хөрөнгө оруулалтын бүс нутгийн төв болгон хөгжүүлэхээр зорьж байна. Монгол Улс нь сэргээгдэх эрчим хүчээр улам бүр хангагдах, усны нөөцийн хариуцлагатай менежментэд суурилсан хиймэл оюуны тогтвортой дэд бүтэц болон ногоон дата төвүүдийн бүс нутгийн төв болох боломжтой гэж бид харж байна” гэв.
Өнөөдрийн Сайд нарын хэлэлцүүлэгт 197 орны 100 орчим сайд нар оролцож, цөлжилтийг бууруулах олон улсын санаачлагуудыг хэрхэн санхүүжүүлэх талаар өөрсдийн Засгийн газрын байр суурийг илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсын “Бэлчээрийн экосистемийн тэргүүлэх санаачилга”-ыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлж байна” гэдгээ илэрхийлэв.










