Эрдэнэт үйлдвэр хүний нөөцийн мэргэжилтнүүдийнхээ мэдлэг, ур чадварыг ахисан түвшинд хөгжүүлэх зорилгоор Сургалт-Хөгжлийн хөтөлбөрийг энэ онд амжилттай хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд хүний нөөцийн мэргэжилтнүүдийн дунд “Smart Space-2025” уралдааныг “Миний ажлын байр бидний илэрхийлэл” уриан дор хоёр сарын хугацаанд зарлан, дүгнэснээ өнөөдөр Мэдлэг түгээх өдөрлөгийн үеэр танилцуулж, шилдгүүдэд шагнал гардууллаа.
Уралдааны үеэр Баяжуулах үйлдвэрийн хүний нөөцийн мэргэжилтнүүд HR чатбот хөгжүүлж ажилтнуудад мэдээлэл өгөх автомат систем нэвтрүүлснээс гадна Эрдэнэт үйлдвэрийнхээ “Төрсөн өдөр”-ийг угтан “Ажлын байрнаасаа аз жаргал, амжилтыг мэдэрье” уралдаан зарлажээ. Харин Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех QR код бүхий цахим гарын авлага, санал хүсэлт, сургалтын хэрэгцээ тодорхойлох судалгаа цахимаар авах систем нэвтрүүлснийг энэ үеэр онцоллоо.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

Мэдлэг түгээх өдөрлөгт Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга, Менежментийн ухааны доктор (Ph.D) О.Отгонбаяр, хэлтсийн мэргэжилтнүүд болон Үйлдвэрийн газрын бүх бүтцийн нэгжийн хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцож, гадаад, дотоодын сургалт, үйл ажиллагаанд хамрагдсан ажилтнууд сурч мэдсэнээ харилцан хуваалцсан юм. Тухайлбал, Хүний нөөц, захиргааны хэлтсийн мэргэжилтэн М.Энхчимэг, “HR-Day-2025” Монголын хүний нөөцийн салбарын үндэсний зөвлөгөөн, сургалтын мэдээлэл хүргэсэн бол мэргэжилтэн Б.Аззаяа БНСУ-д зохион байгуулагдсан “Global HR-2025” зөвлөгөөний талаар, Ус хангамжийн цехийн хүний нөөцийн мэргэжилтэн Э.Энхтайван “Үндэсний чанарын чуулган-2025”-ын мэдээллийг хүргэв.
М.ОДГЭРЭЛ
Б.БАТТӨГС











