



















Мэдээний хураангуй:
БНХАУ-ын Зэвсэгт хүчний хоёр дахь дээд албан тушаалтан, Улс төрийн товчооны гишүүн нь авлигын эсрэг кампанит ажлын хүрээнд халагдсан хамгийн өндөр түвшний хүн боллоо.
Хө Вэйдун дарга нь Ши Жиньпинтэй ойр харилцаатай, богино хугацаанд цэргийн дээд байгууллагад дэвшсэн гэж яригдаж байв.
Ши дарга ирэх долоо хоногийн хурлын өмнө “цэвэрлэгээ” хийж байна гэж шинжээчид дүгнэв.

БНХАУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, хоёр дээд албан тушаалтан цэргийн болон Коммунист намаас авлигын хэргээр хөөгджээ. Энэ нь 2023 оноос эхэлсэн Зэвсэгт Хүчний (ЗХ) салбарт авлигын эсрэг кампанит ажлын хүрээнд хийгдэж буй их цэвэрлэгээний хамгийн дээд түвшний цэвэрлэгээ боллоо.
БНХАУ-ын Зэвсэгт хүчний хоёр дахь командлагч Хө Вэйдун болон Тэнгисийн цэргийн улс төрийн ажлын дарга асан Мяо Хуа нар энэхүү кампанит ажлын сүүлийн бай боллоо.
Хө Вэйдуныг албан ёсоор зайлуулах нь Соёлын хувьсгалын (1966–1976) үеэс хойш Төв Цэргийн комисст (ТЦК) албан үүргээ гүйцэтгэж байсан генерал анх удаа халагдаж буй тохиолдол болж байна. Тэрбээр 2025 оны гуравдугаар сараас хойш олон нийтийн өмнө харагдаагүй бөгөөд түүнийг шалгаж байгаа тухай урьд өмнө албан ёсоор зарлаагүй.
Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Жан Сяогангийн хэлснээр, Хө, Мяо болон бусад долоон өндөр албан тушаалтан “Намын дэг журмыг ноцтой зөрчиж, асар их хэмжээний мөнгөтэй холбогдож, албан үүрэгтэй холбоотой гэмт хэрэгт сэжиглэгдэж байна.”
Тэрбээр “Тэдний үйлдэл маш ноцтой, хор уршиг нь асар их” гэж онцлон хэлсэн бөгөөд энэ нь “Нам болон армийн авлигын эсрэг тэмцлийн томоохон ололт” гэж мэдэгджээ.
68 настай Хө Вэйдун нь цэргийн хүрээнээс давж улс төрийн хүрээнд ч чухал нөлөөтэй нэгэн байв. Тэрээр Намын 24 гишүүнтэй Улс төрийн товчооны гишүүн бөгөөд Төв Цэргийн комиссын дэд даргын хувьд Зэвсэгт хүчний гурав дахь хамгийн хүчтэй командлагч байлаа. Түүнийг Ши Жиньпиний ойрын хүн гэж үздэг байв.
Энэхүү шийдвэр нь ирэх долоо хоногт болох Коммунист намын Төв Хорооны дөрөвдүгээр бүгд хурал–аас дөнгөж өмнө гарлаа. Тус хуралд 200 гаруй дээд албан тушаалтнууд оролцож, Төв хорооны гишүүдийг халж, оронд нь шинээр томилох зэрэг боловсон хүчний өөрчлөлтүүдийг батлах төлөвтэй байна.
Атлантикийн зөвлөлийн “Global China Hub”-ын судлаач Вэн-Ти Сүнг “Ши үнэхээр гэрээ цэвэрлэж байна. Хө болон Мяо албан ёсоор халагдсан нь Шид Төв Цэргийн комиссын шинэ гишүүдийг томилох боломж олгоно. Энэ комисс бараг хагас жилийн турш гишүүдийнхээ талыг дутуу бүрдүүлж ирсэн” гэж хэлжээ.
Мяо Хуаг өнгөрсөн 6-р сард Төв Цэргийн комиссоос хассан бөгөөд 2024 оны 11-р сараас “дисциплинийг ноцтой зөрчсөн” хэргээр шалгагдаж эхэлсэн байсан.
Мөн мэдэгдэлд нэр дурдагдсан бусад хүмүүсийн дунд ЗХ-ний Улс төрийн ажлын газрын дэд дарга асан Хө Хунжүн, Нэгдсэн ажиллагааны командын төвийн Ван Сюбин, Зүүн фронтын командлагч асан Лин Сянъян, хуурай замын болон тэнгисийн цэргийн улс төрийн комиссар асан хоёр дарга багтжээ. Эдгээрийн ихэнх нь сүүлийн саруудад олон нийтийн өмнө харагдаагүй байсныг ажиглагчид анхааруулж байна.
Нийтийн аюулгүй байдлын цэргийн (People’s Armed Police) дарга асан Ван Чүннин мөн хөөгдсөн бөгөөд өнгөрсөн сард бусад гурван генералын хамт Улсын Бага хурлын бүрэлдэхүүнээс хасагдсан.
Үорэгт ажлаасаа халагдсан Хө Вэйдуны Ши Жиньпинтэй олон жилийн турш холбоотой, өргөн туршлагатай командлагчийн нэр хүндийг сэвтээв.
Тэдний харилцаа 1990-ээд оны сүүлээр Фүжянь, Жэжян мужид зэрэгцэн ажиллаж байх үеэс эхтэй. Тухайн үед Ши мужийн намын дэд дарга, дараа нь захирагчийн албыг (1995–2002) хашиж байв.
Хө Вэйдун нь Тайванийн хоолойг харж буй Фүжянь муж дахь Зүүн фронтын командлагч байхдаа Төв Цэргийн комисст орж, 2022 онд энэ комиссын дэд даргаар дэвшсэн. Тэрбээр 205 гишүүнтэй Төв Хороонд оролгүйгээр шууд дэвшсэн нь урьд өмнө байгаагүй зүйл байв.
АНУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Хө 2022 оны 8-р сард АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга асан Нэнси Пелоси Тайпейд айлчилсны дараа Хятадын Тайванийг чиглэсэн цэргийн сургуулилтыг зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн. Энэ сургуулилт бол сүүлийн жилүүдэд Бээжингийн хийсэн хамгийн түрэмгий ажиллагааны нэг байлаа.
Хятадын Коммунист намын энэхүү шинэ “цэвэрлэгээ” нь Ши Жиньпиний эрх мэдлийг улам бэхжүүлэх, Зэвсэгт хүчнийг бүрэн хяналтдаа байлгах стратегийн нэг хэсэг гэж шинжээчид үзэж байна.











