



















БНХАУ мэдэгдэлдээ "АНУ-ыг "Фентанил"-тай (Фентанил нь маш хүчтэй өвчин намдаагч боловч зөвхөн эмчийн хяналт дор, маш нарийн нөхцөлд хэрэглэх ёстой эм юм. Хяналтгүй, дур мэдэн хэрэглэх нь амь насанд аюултай. Сүүлийн жилүүдэд АНУ, Канад зэрэг орнуудад фентанилтай холбоотой хэт тунгийн үхэл ихэсч, хар тамхины хямралын нэг шалтгаан болоод байна.) холбоотой асуудлаар Хятад бараанд тариф тогтоож, хоёр улсын мансууруулах бодистой тэмцэх хамтын ажиллагааг доройтуулж байна хэмээн буруутгаж, энэ асуудлыг "барьцаа" болгон ашиглаж, Хятад руу "заналхийлэхээ" зогсоохыг Вашингтонд уриалжээ" АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын талаас АНУ руу үхлийн аюултай фентанил бодисыг үйлдвэрлэхэд хэрэглэгддэг химийн бодисуудын нийлүүлэлтийг зогсоож чадахгүй байна хэмээн үзэж, өмнөх 10 хувийн татварыг 20 хувь болгон нэмэгдүүлсэн.
"АНУ бидэнд 'Их баярлалаа' гэж хэлэх ёстой байсан" хэмээн Бээжинд болсон хэвлэлийн хурлын үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн яамны өндөр албан тушаалтан мэдэгджээ. Энэхүү хурлыг Хятад улс энэ сарын эхээр гаргасан фентанилийн тухай цагаан номтой холбоотойгоор зохион байгуулсан байна.
"Харамсалтай нь, АНУ энэ сайхан сэтгэлийг үнэлсэнгүй. Харин ч эсрэгээрээ, фентанилийн асуудлыг далимдуулан Хятадыг гүтгэж, буруутгаж, хамтын ажиллагааны ахиц дэвшлийг үл тоон гүтгэлэг тарааж байна" гэжээ.
АНУ, Хятад хоёр өнгөрсөн жил Ерөнхийлөгч асан Жо Байдены үед фентанил болон хууль сахиулах хамтын ажиллагаагаа сэргээж, худалдааны маргаан, COVID-19, Тайвань, хүний эрх зэрэг олон асуудлаар муудсан харилцаагаа сайжруулах эхлэлийг тавьсан. Энэ хамтын ажиллагааны үр дүнд өнгөрсөн жил хэд хэдэн өндөр түвшний айлчлал болж, мөрдөн байцаагчдын хооронд мэдээлэл солилцох ажил сайжирсан боловч Трамп Хятадыг фентанилийн эсрэг хангалттай хурдан арга хэмжээ авахгүй байна гэж буруутгасаар байгаа юм.
Хятадын ГХЯ-ны албан тушаалтан хэлэхдээ, "Олон ахиц дэвшил гарсан асуудлыг далимдуулж Хятадад тариф оноох нь асуудлыг шийдэх арга зам биш. АНУ бидний сайхан сэтгэлийг өшөө авч байгаа мэтээр хүлээж авч байна, энэ бол ямар ч утгагүй зүйл" гэжээ.
"Энэ нь хоёр улсын хар тамхитай тэмцэх хэлэлцээ, хамтын ажиллагааг ноцтойгоор доройтуулах болно" хэмээн тэрээр анхааруулав. "Бид фентанилийн асуудлыг барьцаа болгож, шахалт үзүүлэх, заналхийлэх, сүрдүүлэх АНУ-ын үйлдлийг эрс эсэргүүцэж байна" гэжээ.
Сүүлийн жилүүдэд Хятад улс фентанилийн урсгалыг зогсоохын тулд тодорхой алхамууд хийсэн. Тухайлбал, Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд буюу 2019 онд фентанил болон түүний бүх төрлийн аналогуудыг улсын хяналтанд оруулж, бэлэн бүтээгдэхүүн хэлбэрээр хууль бус экспортлохыг бараг бүрэн зогсоосон.
Гэвч мэргэжилтнүүдийн хэлснээр, экспортлогчид тактикаа өөрчилж, Мексикийн хар тамхины бүлэглэлүүдийн ашигладаг фентанил үйлдвэрлэхэд шаардлагатай "анхан шатны урвалж бодис" буюу "урьдчилсан урвалж бодис"-уудыг нийлүүлж эхэлсэн байна. Эдгээрийг бага зэрэг хувиргаад л эцсийн бүтээгдэхүүн гаргадаг аж.
АНУ-д фентанилд донтох асуудал нь үхлийн гол шалтгаануудын нэг болсон тул Хятадаас хууль сахиулах илүү гүн хамтын ажиллагаа, хууль бус санхүүжилттэй тэмцэх, хууль бус химичдийг баривчлах, урвалж бодис үйлдвэрлэдэг лабораториудыг нэгжих зэрэг арга хэмжээ авахыг шаардаж ирсэн.
Ройтерс агентлаг өнгөрсөн жил фентанилийн нийлүүлэлтийн сүлжээнд нэвтэрч, Хятадад үйлдвэрлэсэн фентанилийн орц бодисууд хэрхэн Мексик, АНУ-д орж, Мексикийн нууц лабораториудад эцсийн бүтээгдэхүүн болон хувирч байгааг илчилсэн цуврал нийтлэл гаргаж байжээ.











