



















Ням гарагт буюу өнөөдөр Төвдийн шарын шашны тэргүүн Далай ламын хойд дүрийн асуудал нь БНХАУ, Энэтхэг хоёрын харилцаанд "Өргөс" болж байна гэж Энэтхэг улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамнаас мэдэгдлээ. Энэхүү мэдэгдэл нь Энэтхэгийн Гадаад хэргийн сайд 2020 оны хилийн мөргөлдөөнөөс хойш анх удаа БНХАУ-д айлчлахын өмнөхөн болж байгаагаараа онцлог юм.

Далай лам БНХАУ-ын удирдагчдын дургүйцлийг дахин төрүүлсэн шалтгаан нь энэ сарын эхээр Төвдийн шарын шашны тэргүүн өөрийн 90 насны ойн баяр-ыг тохиолдуулан хийсэн мэдэгдэлтэй холбоотой. Тэрээр өөрийн хойд дүр тодруулах асуудал БНХАУ-ын эрх баригчдад хамаагүй гэж мэдэгдсэн нь Бээжингийн байр суурийг няцаасан хэрэг болсон.
"Төвдийн уламжлал ёсоор нас барсан лам хувилгаадын сүнс нь хойд дүрийг олж дахин мэндэлдэг" хэмээн үздэг бол БНХАУ-ын тал үүнийг зөвхөн өөрсдийн зөвшөөрлийн дагуу явагдах ёстой хэмээн мэдэгддэг.
Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Ю Жин нийгмийн сүлжээ болох "X" платформ дээр энэтхэгийн зарим стратегийн хүрээлэн болон судалгааны хүрээлэнгийнхэн Далай ламын хойд дүрийн асуудлаар “Зохисгүй мэдэгдэл” хийж байна хэмээн мэдэгджээ.
Тэрээр нэр дурдаагүй ч, сүүлийн өдрүүдэд Энэтхэгийн нэр бүхий сайд болон стратеги судлаачид "Далай ламын хойд дүрийн асуудал зөвхөн түүний өөрийн мэдэлд байх ёстой" хэмээн дэмжиж байгаагаа илэрхийлснийг буруушааж буй юм.
"Гадаад харилцааны салбарын мэргэжилтнүүд БНХАУ Төвдтэй (Xizang) холбоотой асуудалд маш эмзэг ханддаг болохыг бүрэн ухамсарлах ёстой" гэж Ю Жин хэлжээ.
Тэрээр:
"Далай ламын хойд дүр болон залгамжлал нь БНХАУ-ын дотоод хэрэг. Төвдийн асуудал бол БНХАУ-Энэтхэгийн харилцаанд 'Өргөс' болж, Энэтхэгийн хувьд ч ачаа болсон. 'Төвдийн хөзрөөр' тоглох нь эцэстээ өөрийгөө хохироох нигууртай" хэмээн нэмж мэдэгдсэн
Энэтхэгийн Парламент ба Цөөнхийн асуудал эрхэлсэн сайд Кирен Рижижу, өнгөрсөн долоо хоногт болсон Далай ламын төрсөн өдрийн баярт оролцож, "Шашин шүтлэгтэй хүн"-ний хувиар зөвхөн Далай лам болон түүний алба л хойд дүрийн асуудлыг шийдэх эрхтэй гэж хэлсэн юм.
Энэтхэгийн Гадаад Харилцааны Яам долдугаар сарын 4-нд буюу Далай ламын төрсөн өдрөөс хоёр хоногийн өмнө “Шашин шүтлэг, зан үйлтэй холбоотой асуудалд байр суурь илэрхийлэхгүй” гэж мэдэгдсэн.
Энэтхэгийн Гадаад хэргийн сайд С. Жайшанкар энэ сарын 15-нд БНХАУ-ын Тяньжин хотод болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) бүс нутгийн аюулгүй байдлын уулзалтад оролцох бөгөөд тэнд хоёр тал уулзалтууд хийхээр төлөвлөжээ.











