



















БНХАУ-ын арми Тайваний арлыг бүсэлж цэргийн сургуулилт хийсэн нь олон улсын анхаарлыг татав. Тайваний Батлан хамгаалахын сайд Веллингтон Ку БНХАУ цэргийн сургуулилт хийхдээ Тайванийг бүслэн хийх хувилбар дэвшүүлсэн нь хоёр улсын хооронд тэр дундаа худалдааны харилцаанд том нөлөө үзүүлэх болно гэж мэдэгдэв.
Ардчилсан Тайванийг өөрийн нэг хэсэг хэмээн үзэх БНХАУ сүүлийн таван жилийн хугацаанд арлын ойролцоо өдөр бүр цэргийн сургуулилт хийж байв. Тэр дундаа томоохон боомтыг эзлэх, бүслэн хаах, довтлох гэх мэт сургуулилт хийж байна. Өнгөрсөн долоо хоногт БНХАУ Тайваний арлыг бүслэн гол боомтуудыг эзлэх, бүс нутгууд руу далайн болон хуурай замаар довтлох сургуулилтыг хийсэн нь олон улсын анхаарлыг татсан юм. Тайванийн арлыг бүслэн хаасан нь олон улсын хууль тогтоомжийн дагуу “дайны” нэг хэлбэрт тооцогдох юм байна.
Учир нь Тайвань руу худалдааны болон ачаа тээврийн ямар нэг усан онгоц нэвтрэх боломжгүй болно. Дэлхийн ачаа тээврийн тавны нэг нь Тайваний хоолойгоор дамжин өнгөрдөг бөгөөд тус улсыг бүслэх нь дэлхийн ачаа тээвэрт ч нөлөө үзүүлнэ гэж Тайваний батлан хамгаалах сайд Веллингтон Ку мэдэгджээ. Тайвань ч мөн сүүлийн үед Хятадын цэргийн сургуулилтаа эрчимжүүлж байгаад санаа зовниж байгаа хэрэв ямар нэг аюул заналхийлбэл Тайваний эргийн харуулууд бүх хүчээрээ зогсоохоо мэдэгдээд байна. БНХАУ Тайванийг өөрийн захиргаанд оруулахын тулд хүч хэрэглэхэд бэлэн гэдгээ мэдэгдсээр байгаа. Япон улсын хувьд ч өнгөрсөн сард Хятадын байлдааны хөлөг онгоц усан хилд нь анх удаа нэвтэрсэн тухай мэдэгдээд байна. БНХАУ-ын үе үе удирдагчид Тайванийг нэгтгэх үзэл баримтлалтай байв.
Геополитикийн хувьд Хятад Тайванийг нэгтгэвээс “Нэгдүгээр арлын гинжин хэлхээ”-нд өөрийн байр суурийг ганхашгүйгээр “бат” бэхжүүлж чадна. “Нэгдүгээр арлын гинжин хэлхээ” нь Япон-Тайван-Филиппин-Индонезийн Борнео арал хүртэл үргэлжлэх бөгөөд тус арлууд Хятадын Номхон далайд гарах гарцыг хаадаг юм. Энэ бол эдийн засгийн хувьд дэлхийд нэгдүгээрт болох амбицтай Хятадын хувьд том хаалт байсаар ирсэн бөгөөд Тайванийг эх газарт нэгтгэх замаар гарцыг нээх арга билээ. Мөн хиймэл оюун ухаан технологийн эрин зуунд дэлхийн чип үйлдвэрлэлийн гол цөм Тайванийн асуудал Хятад Америкийн ашиг сонирхлын дараагийн толхилцоон болж байна. Тэгвэл Хятадын түрэмгийлэл эхэлбэл АНУ Тайванийг хамгаалах амлалттай. Хэдийгээр АНУ Тайванийг албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй ч ”Тайванийг Хятадад найр тавьж өгөх нь Ази-Номхон далайн бүсэд нөлөөллөө алдах эрсдлийг хүлээнэ. Ингээд зогсохгүй Ази-Номхон далайн бүс нутгийн холбоон дахь БНСУ, Япон, Австралийг заналхийлэх Хятадын аюул “отож” байна.









