



















Товч агуулга
-Шүүх Ким Гон Хид 1 жил 8 сарын хорих ял оноолоо.
-Прокурорууд Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлын эхнэрт 15 жилийн хорих ял тулгаж байсан юм.
-Шүүх хоёр өөр хэрэг дээр Ким Гон Хиг гэм буруугүй гэж үзэв.
-Ким 2025 оны 8 сараас хойш цагдан хоригдож байсан бөгөөд бүх хэргийг үгүйсгэсээр ирсэн.
Өнөөдөр БНСУ-ын шүүх тэргүүн хатагтай асан Ким Гон Хид "Эв Нэгдлийн Сүм"-ийн удирдах албан тушаалтнаас улс төрийн ашиг сонирхлынх нь хариуд Chanel брэндийн цүнх болон алмазан зүүлт бэлгэнд авсан нь тогтоогдсон гэж үзэн 1 жил 8 сарын хорих ял оноолоо.

Шүүх түүнийг — өнгөрсөн жил албан тушаалаасаа огцорсон Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлын эхнэр — хувьцааны үнийг зохиомлоор өсгөсөн болон улс төрийн санхүүжилтийг хууль зөрчин санхүүжүүлсэн гэх хоёр хэрэгт гэм буруугүйд тооцов.
Прокурорууд дээрх хоёр цагаатгах шийдвэрийг давж заалдахаар төлөвлөж байгаа талаараа хэвлэлүүд мэдээлсэн байна.
Энэхүү шийдвэр нь 2024 онд Юн Сог Ёлын богино хугацаанд цэргийн онц байдал (martial law) зарласан явдал болон түүнтэй холбоотой дуулиануудыг шалгаж буй цуврал шүүх хуралдааны хүрээнд гарч байгаа юм.
Гурван шүүгчээс бүрдсэн бүрэлдэхүүний тэргүүн шүүгч:
“Тэргүүн хатагтай асан албан ёсоор төрийн эрх мэдэлгүй ч улс орныг төлөөлөх бэлгэдлийн байр суурьтай. Ийм байр суурьтай хүн заавал үлгэр жишээ байх албагүй ч олон нийтэд муу жишиг болж болохгүй.”
Шүүх мөн Ким Гон Хид 12.8 сая вон (ойролцоогоор 8,990 ам.доллар)-ын торгууль ногдуулж, алмаазан зүүлтийг түүнээс хураан авах шийдвэр гаргалаа. Тэрээр 2025 оны 8 сараас хойш тусгай прокуророор ахлуулсан мөрдөн шалгах багийн хүрээнд цагдан хоригдож байсан аж.
Прокурорууд түүнийг холбогдсон бүх хэргүүдийн хүрээнд 15 жилийн хорих ял, мөн 2.9 тэрбум воны торгууль төлүүлэх ялаар ялласан.
Шүүх Кимийг хувьцааны зах зээлийг манипуляц хийсэн болон улс төрийн санхүүжилтийн хууль зөрчсөн хэргүүдийг хийгээгүй гэж үзэн цагаатгасан юм.
Ким түүнд тулгасан бүх хэргийг үгүйсгэсээр ирсэн бөгөөд түүний өмгөөлөгч “Авлигын хэргээр ялласан шийдвэрийг давж заалдах эсэхийг нягталж үзнэ” гэж мэдэгдлээ.
Хар өнгийн костюм өмсөж, нүүрэндээ маск зүүсэн Ким Гон Хи хамгаалалтын албаныхны хамт Сөүл хотын Төв дүүргийн шүүх танхимд орж ирэн, шийдвэрийг чимээгүй сонссон байна.
Шүүхийн гадна хүйтэн цаг агаарыг үл харгалзан цугларсан Юн болон Кимийн дэмжигчид хоёр хэргээр гэм буруугүй гэж үзсэн шийдвэр гарахад баярлан алга ташжээ.
Нэгдлийн сүмийн зүгээс “Бэлэгнүүдээ ямар нэгэн хариу нэхэлгүйгээр өгсөн” хэмээн мэдэгдсэн бөгөөд тус сүмийн тэргүүн Хан Хак Жа (мөн шүүхэд татагдсан) Кимд авлига өгөхийг санаархсан гэдгээ үгүйсгэсэн.
БӨӨ БА УЛС ТӨРИЙН ЗУУЧ
Ким Гон Хигийн хувьд нөхөр Юн Сок Ёл нь 2022 онд Ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнө ч эрдмийн зэрэг хамгаалсан дипломтай нь холбоотой маргаан, мөн хувьцааны зах зээлийг удаан хугацаанд зохиомлоор удирдаж байсан байж болзошгүй гэх хардлагын улмаас олон нийтийн анхаарлын төвд байсан.
Түүнийг улс төрийн зуучлагч болон “Бөө” гэж нэрлэгддэг этгээдтэй ойр харилцаатай байсан гэх мэдээлэл нь Ерөнхийлөгч асаны гэр бүлийн шийдвэрт хууль бусаар нөлөөлж байсан байж магадгүй гэх шүүмжлэлийг дагуулж байв.
2025 оны 4 дүгээр сард огцорсон Юн Сог Ёл өөрөө ч төрийн эргэлт хийхийг завдсан, бослого зохион байгуулсан гэх хэргээр шүүхэд татагдаад байгаа.
Тэрээр 2024 оны 12 сард цэргийн онц байдал зарласны дараа баривчлах оролдлогыг саатуулсан хэрэгтээ энэ сард 5 жилийн хорих ял авсан бөгөөд уг шийдвэрийг давж заалдаад байна.
Мөн энэ сард болсон тусдаа шүүх хуралдаанд прокурорууд Юныг бослогыг зохион байгуулагч байсан хэмээн үзэж, цаазаар авах ял оноохыг шүүхээс шаардаад байгаа юм. Шүүх энэ хэргийг 2 дугаар сарын 19-нд шийдвэрлэхээр товлосон.
Юн Сог Ёл өөрийгөө хамгаалж, “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд цэргийн онц байдал зарласан бөгөөд сөрөг хүчнүүд төрийн ажлыг саатуулж буйд анхаарал хандуулах зорилготой байсан” гэж мэдэгдсэн юм.
Ханш: 1 ам.доллар = 1,431.80 вон





