



















ОХУ-ын Казань хотод БРИКС-ын дээд хэмжээний уулзалт эхэлж байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкян, ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Сирил Рамафоса, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган зэрэг удирдагчид оролцож байна. Харин Бразилийн Ерөнхийлөгч Луйз Инасио Лула да Силва бэртлийн улмаас оролцох боломжгүй болжээ.
В.Путины хувьд 2022 оны 2-р сард Украиныг эзлэн түрэмгийлснээс хойш анх удаа ийнхүү томоохон хэмжээний уулзалтыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн БРИКС-ын уулзалтыг шинжээчид анхааралтай ажиглаж байна.
Учир нь БРИКС-ын уулзалтад АНУ-ын бодлогыг шууд эсэргүүцдэг орнууд буюу ОХУ, БНХАУ, Ираны тэргүүнүүд оролцож байгаа учраас дэлхийн тэнцвэрт байдалд өөрчлөлт орох уу? гэх асуултыг дагуулж байна. Мөн дээрх улсууд нь цөмийн зэвсэгтэй улсууд юм. Путин БРИКС-ын уулзалтын өмнөх долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ, БРИКС-ын орнуудын эдийн засаг, улс төрийн нөлөө нэмэгдэж байгаа нь маргаангүй үнэн. Тиймээс БРИКС-тэй хамтрах орнууд "дэлхийн шинэ дэг журам”-ын чухал бүрэлдэхүүн хэсэг болно" гэж онцолсон юм. Харин тэрээр БРИКС-ыг "Барууны эсрэг холбоо" биш гэж мэдэгджээ.
Хэрэв АНУ-ын сонгуульд ерөнхийлөгч асан Дональд Трамп ялбал тус улсын Украинд үзүүлэх дэмжлэг өөрчлөгдөнө. В.Путины хувьд АНУ-ын сонгууль чухал учраас сонгуулиас хоёр долоо хоногийн өмнө ийнхүү БРИКС-ын уулзалтыг зохион байгуулж байна гэж шинжээчид онцолжээ. Берлинд төвтэй “Карнеги” Евразийн төвийн захирал Алекс Габуев хэлэхдээ “БРИКС-ын энэ удаагийн дээд хэмжээний уулзалт В.Путинд үнэхээр бэлэг”. ОХУ БРИКС-ыг шударга дэг журамд хөтлөнө гэдгээ батлан харуулахыг хүсэж байна гэжээ.
Энэ жил БРИКС хоёр дахин томорч хүрээгээ тэлсэн бөгөөд Палестины удирдагч Махмуд Аббас уг арга хэмжээнд оролцоно гэдгийг В.Путин мэдэгдсэн юм. БРИКС-ын уулзалтын сэдэв гол төлөв эдийн засгийн хамтын ажиллагаанд чиглэдэг ч энэ жилийн онцлох сэдэв Ойрхи Дорнодын мөргөлдөөн байх төлөвтэй байна. Израилийн Ойрх Дорнодод хийх дайныг ОХУ, БНХАУ шүүмжилж байгаа бөгөөд гал зогсоохыг уриалсан. Харин АНУ Газын зурвас дахь Хамас, Ливаны Хезболла бүлэглэлд цохилт өгч буй Израилийг дэмжиж байгаа юм.
БРИКС бол Бразил, Орос, Энэтхэг, БНХАУ, Өмнөд Африк, Арабын Нэгдсэн Эмират Улс, Иран, Египет болон Этиоп зэрэг улс 9 улсын албан бус холбоо юм. БРИКС-ийн орнууд нийт 45,726,508 км² газар нутагтай, нийт хүн ам нь ойролцоогоор 3,41 тэрбум хүн буюу дэлхийн хуурай газрын 26,7%, дэлхийн хүн амын 41,6%-ийг эзэлдэг. 2023 оны 8-р сарын байдлаар 40 улс БРИКС-д элсэх хүсэлтээ илэрхийлснээс 20 орчим нь элсэх хүсэлтээ албан ёсоор тавьсан байна. 2023 оны 8-р сард болсон дээд хэмжээний уулзалтаар Иран, Саудын Араб, Египет, Аргентин, Этиоп, АНЭУ-ыг 2024 оны 1-р сарын 1-нээс эхлэн БРИКС-ийн бүрэн эрхт гишүүнээр элсүүлэхийг урьсан байна. Ийнхүү 2024 оны 1-р сарын 1-нд уригдсан 5 орон нэмэгдэж БРИКС 9 гишүүн улстай болжээ.









