



















ОХУ-ын Казань хотноо лхагва гарагт болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын дараа тус бүлгийн орнуудын удирдагчид н хамтарсан тунхаглалыг гаргаад байна.
Тунхаглалд нийт 134 заалт багтсаны нэг нь НҮБ-ын шинэчлэлийн тухай байв. “Бид НҮБ-ыг, тэр дундаа Аюулгүйн Зөвлөлийг илүү ардчилсан, олон талын төлөөллийг оролцуулсан, үр дүнтэй, хүчтэй болгох үүднээс цогцоор нь шинэчлэхийг дэмжиж байгаагаа дахин нотолж байна” гэж уг баримт бичигт дурджээ. Түүнчлэн дэлхий дахинд тулгамдаж буй сорилт бэрхшээлүүдийг даван туулахад илүү сайн хариу арга хэмжээ авахын тулд хөгжиж буй орнуудын төлөөллийг өргөжүүлэх хэрэгтэйг мөн онцолсон байна.
Шинжээчдийн хувьд БРИКС-ийн уулзалт төдийлөн амжилт дагуулсангүй хэмээн дүгнэж байна. Мөн В.Путиныг холбоотон орнуудаасаа дэмжлэг авч чадсангүй ганцаардмал байлаа гэжээ. Харин БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын талаар Украины Гадаад хэргийн яамнаас хийсэн мэдэгдэлд, "ОХУ өөрийн зохион байгуулж буй уулзалтын үеэр дайнд дэмжлэг авч чадаагүй. Харин оронд нь Путин хамгийн ойрын бөгөөд чухал түншүүдийнхээ зүгээс мөргөлдөөнийг зогсоо гэсэн уриалгатай тулгарсан. ОХУ дэлхийг хагалан бутаргахаар төлөвлөж байсан ч дэлхийн дийлэнх хэсэг Украины талд байсаар байгааг дахин харууллаа" гэжээ.
БРИКС-ийн удирдагчид терроризмын бүх хэлбэрийг эрс зэмлэн буруушааж байгаагаа дахин илэрхийлж, НҮБ-ын хүрээнд Олон улсын терроризмын тухай конвенцийг яаралтай батлахыг уриалжээ. БРИКС-ийн гишүүд мөн НҮБ-д хандан шинэчлэл хийхийг уриалсны зэрэгцээ хиймэл оюун ухааны салбарыг удирдан зохицуулахад голлох үүрэг гүйцэтгэхийг уриалсан байна. Хамтарсан тунхаглалд мөн Ойрх Дорнод, Украин зэрэг дэлхий дахинд үүсээд буй мөргөлдөөнүүдэд анхаарал хандуулжээ. “Дэлхийн янз бүрийн хэсэгт хүчирхийлэл нэмэгдэж, зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байгаад бид санаа зовниж байна” гэж мэдэгдэлд дурджээ. БРИКС-ийн удирдагчид маргааныг дипломат аргаар тайван замаар шийдвэрлэх ёстойг дахин онцолсон юм.









