



















Цагдаагийн байгууллагаас бүх гар утас хэрэглэгчдэд хуурамч мессежтэй холбоотой анхааруулга гаргалаа — энэ нь энгийн мессеж шиг харагдах ч таныг аюулд оруулах эрсдэлтэй.
Өдөр болгон л шинэ төрлийн луйврын талаар анхааруулга гарсаар байна. Харамсалтай нь гэмт этгээдүүд ямагт шинэ арга сэдэж, гэмгүй хүмүүсийг мэхлэхийг оролддог. Тиймээс албаныхан энэ долоо хоногт олон нийтийн сүлжээгээр дамжуулан сэрэмжлүүлэг хүргэлээ.
Энэхүү анхааруулгыг АНУ-ын Массачусетс мужийн Хампден тойргийн Шерифийн газар гаргасан ч ийм төрлийн залилангийн мессеж бусад мужуудад ч тархаж байгаа.
Эхлэл нь маш энгийн — та танихгүй дугаараас мессеж хүлээн авна. Уг мессежид таны эсрэг явагдаж буй мөрдөн байцаалтын талаар мэдэгдэж байгаа гэж бичсэн байна.
Мессежинд ихэвчлэн "Тантай холбоо барих хоёр дахь оролдлого байна. Таны эсрэг явуулж буй мөрдөн байцаалтын хүрээнд танд мэдэгдэх шаардлагатай байна" гэх мэт үгс бичигддэг.
Цаашлаад, "Тухайн хэрэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах эсвэл статусыг өөрчлөхийг хүсвэл бидэнтэй холбогдоно уу" хэмээн уриалдаг. Зарим жишээн дээр: "Кейсийн дугаар 1112525814. Хэрэв та яаралтай холбоо барихгүй бол хууль эрх зүйн арга хэмжээ авах болно" гэж бичсэн байжээ.
Шериф Ник Кокки ийм мессежний зургийг хавсарган, олон нийтэд сэрэмжлүүлэг хүргэсэн бөгөөд "Хэрэв ийм мессеж авбал итгэж болохгүй" гэж анхааруулсан.
Түүний тайлбарласнаар:
"Гэмт этгээдүүд хүмүүсийг айлгахын тулд ийм заналхийлсэн, хууль эрх зүйн асуудал үүсгэх гэж буй мэтээр бичсэн мессеж илгээж байна. Үүнийгээ итгүүлэхийн тулд хуурамч кейсийн дугаар, линк хавсаргадаг бөгөөд энэ нь таны утсанд вирус суулгаж болзошгүй."
Кокки мөн:
"Жинхэнэ хууль хүчний байгууллага хэзээ ч таныг айлгаж, мөнгө нэхэх зорилгоор дуудлага, мессеж, имэйл илгээдэггүй. Ийм мессеж авсан бол бүү хариу бич, линк дээр дарахгүйгээр устга, мөн холбогдох байгууллагад мэдэгд" гэжээ.
Түүнчлэн, "Ийм төрлийн мессежийн илгээгч нь итгэмжлэгдсэн байгууллага шиг харагдах ч, үнэндээ интернетээр хуурамч ID үүсгэсэн байх магадлал өндөр" хэмээн анхааруулсан.
Шерифийн мэдэгдэлд:
"Хампден тойргийн Шерифийн газар хэзээ ч мессеж, утсаар, онлайнаар төлбөр, хувийн мэдээлэл шаардахгүй. Ийм мессеж авсан тохиолдолд гэр бүл, найз нөхөддөө энэ талаар анхааруулж, ялангуяа ахмад настан, залилангийн хохирогч болох эрсдэлтэй хүмүүст заавал хэлээрэй."
Мөн энэ төрлийн луйвар Хойд Каролина мужид ч гарсаар байгаа. Тухайлбал, "Таны төлөөгүй замын хураамж байна" гэсэн нэрийдлээр E-ZPass, EZDriveMA, FasTrak нэрээр хуурамч мессеж ирдэг байна. ABC 11 сайтын мэдээлснээр эдгээр мессежинд "12 цагийн дотор төлбөрөө төлөхгүй бол торгууль нэмэгдэнэ, бүртгэлээ алдана" гэж сүрдүүлдэг.
McAfee компанийн мэргэжилтэн Стив Гробман хэлэхдээ:
"Луйварчид хүний айдас, яаралтай арга хэмжээ авах шаардлага үүсгэх зүйлс дээр төвлөрдөг" хэмээжээ.
Иймээс мэргэжилтнүүд:
"Танд ирсэн ямар ч мессеж дээрх линк рүү дарахгүй байх, мөн өөрөө бие даан тухайн асуудал үнэн эсэхийг шалгах" хэрэгтэй гэж зөвлөж байна.









