



















Австралийн Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монгол Улсад “Цахим, цахилгаан хог хаягдлын менежментийг бэхжүүлэх замаар тойрог эдийн засгийг дэмжих” төслийн хүрээнд оролцогч талуудын зөвлөлдөх уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Тус төслийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ), Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ) хамтран, мэдээлэл, харилцаа холбооны технологийн асуудал эрхэлсэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын мэргэшсэн байгууллага болох Олон улсын цахилгаан холбооны байгууллага (International Telecommuncation Union)-ын зөвлөхтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм
Төслийн үндсэн зорилго нь Монгол Улсад үйлдвэрлэгчийн өргөтгөсөн хариуцлагын (Extended Production Responsibility) хүрээнд нөхцөл байдлын дүн шинжилгээ хийх, цахим, цахилгаан хог хаягдлын менежментийн засаглалыг бэхжүүлэх, хууль эрх зүйн болон захиргааны зохицуулалтыг боловсронгуй болгох, мөн санхүүгийн тогтвортой механизмыг бүрдүүлэхэд чиглэлийг багтаасан зөвлөмж боловсруулах юм.
Зөвлөлдөх уулзалтад төр, хувийн хэвшил, их дээд сургууль, төрийн бус байгууллага, аймаг, сумдын төлөөлөл оролцож, цахим, цахилгаан хог хаягдлын менежментийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал болон хамтын ажиллагааны боломжийн талаар санал бодлоо солилцож, бүлгийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож байна.
Эх сурвалж: Байгаль Орчин Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам









