



















Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен Грийнландыг АНУ-д зарахгүй хэмээн мэдэгдэв. Дональд Трамп Грийнландыг худалдан авч АНУ-д нэгтгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Тэгвэл Данийн Ерөнхий сайд Дональд Трамптай 45 минут утсаар ярихдаа байр сууриа хатуу илэрхийлсэн бөгөөд шаардлагатай бол Грийнландын аюулгүй байдлыг нэмэгдүүлэхээ мэдэгджээ. Автономит эрхтэй Грийнландын Ерөнхий сайд Муте Эгедэг мөн Дональд Трампын саналд татгалзсан хариу өгсөн бөгөөд АНУ тус аралд санаархах шаардлагагүй гэж мэдэгдсэн байна. Тэгвэл Дональд Трамп өөрийн "TruthSocial" нийгмийн сүлжээндээ Грийнландчуудын 68 хувь нь Данийн мэдлээс гарч тусгаар тогтнох хүсэлтэй гэж нийтэлжээ. Өнгөрсөн долоо хоногт Дональд Трамп Дани улс Грийнландаас татгалзахгүй бол өндөр татвар авна гэж сүрдүүлсэн байдаг.
Хэрэв АНУ Данийн бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулбал Данийн гадаад худалдаа, эдийн засагт том нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Учир нь АНУ бол Данийн гадаад худалдааны хоёрдахь том зах зээл юм.
Дональд Трамп анх Дани улсын Засаг захиргааны тусгай бүс Грийнландыг худалдаж авах саналаа 2019 онд тавьж байлаа. Тухайн үед Данийн засгийн газар болоод болон Грийнландын удирдлагууд газар нутгаа зарахгүй хэмээн эрс эсэргүүцэж байв.
Стратегийн чухал байршил, байгалийн арвин нөөцтэй энэ арал их гүрнүүдийн хараанд байж, сонирхлыг нь татсаар байна. Тухайлбал АНУ-аас гадна ОХУ, Хятад зэрэг томоохон гүрнүүдийн ашиг сонирхол Грийнландыг онилж буй. Хятад улс ч Грийнландыг худалдан авах санал тавьж байсан юм. АНУ-ын хувьд 1951 онд тус аралд цэргийн баазаа байгуулж 10 мянга гаруй цэргээ байршуулж байв. Грийнланд нь 2.1 сая км2 газар нутагтай, 57 мян.хүн амтай, цэвэр ус, мөс, байгалийн баялгийн асар их нөөцтэй арал билээ. 1979 онд Дани улс Грийнландад өөртөө засах эрх олгосон бөгөөд 2008 онд онд тус арлын иргэд Данийн вант улсаас тусгаар тогтнохын төлөө санал өгсөн аж. 2009 оны 6 сарын 21-нд хууль тогтоох, бодлого тодорхойлох эрхээ Грийнланд авч, өөртөө засан тохинох эрх нь ихээхэн өргөжсөн. Ингэснээр Данийн төв засгийн газраас зөвхөн гадаад харилцаа, аюулгүй байдал, санхүүгийн бодлогын талаар л хамааралтай болжээ. Ойрын ирээдүйд бүрэн тусгаар тогтнохыг эрмэлзэж байгаа. Грийнланд нь тивүүдийг эс тооцвол дэлхийн хамгийн том арал болно.









