



















2025 оны Давосын эдийн засгийн чуулган 5 дахь өдрөө үргэлжилж байна. “Ухаалаг эрин үеийн хамтын ажиллагаа" уриан дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн чуулганд дэлхийн уур амьсгал, байгаль орчинд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх гарц, хөрөнгө оруулалтын орчныг сайжуулах асуудлыг онцгойлон хэлэлцэж байна. Үүнээс гадна ирээдүйн технологийн хөгжил, хиймэл оюун ухааны эринд хэрхэн хөл нийлүүлэх технологийн салбарын үсрэнгүй хөгжлийг үр ашигтай байлгах хэлэлцүүлгүүд өрнөж байна. Дэлхийн эдийн засгийн форум дахь үндсэн хэлэлцүүлэг таван үндсэн чиглэлээр өрнөж байна. Үүнд:
Дэлхийн эдийн засгийн өсөлтийг дахин зураглах
Хиймэл оюун ухааны эрин үе
Хүний хөгжил
Байгал орчин уур амьсгалын өөрчлөлт
Хөрөнгө оруулалтын итгэлцлийг сэргээх
Давосын эдийн засгийн чуулган бол дэлхийн эдийн засгийн болоод, геополитикийн тулгамдсан асуудлыг тойрсон хэлэлцүүлгээс гадна хөрөнгө оруулалтын том боломж гэж хэлж болно. Хамгийн чухал нь Давосын эдийн засгийн чуулганы дараа хэдэн тэрбумын үнэ бүхий гэрээ, хэлцэл үзэглэгдэж, хөрөнгө оруулалтын асуудал хөндөгдөнө. Тиймээс дээр дурдсан хөрөнгө оруулалтын итгэлцлийг сэргээх асуудал яригддаг. Хөрөнгө оруулалт татах улс орнуудын улс төрийн бодлого тогтвортой, гадны хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах бодлоготой байх ёстой.
Давосын эдийн засгийн чуулган болж буй эгзэгтэй үед Рио Тинто групп Оюу толгой ХХК-д тавьсан татварын маргааныг 295 сая доллароор эцэслэж, харилцан ойлголцох саналыг засгийн газарт хүргүүллээ гэх мэдээллүүд гарч байна. Рио Тинто группын хувьд энэ саналаа оны өмнө тавьсан бөгөөд манай засгийн газраас ямар нэг хариу өгөөгүй. Магадгүй хэлэлцээр үргэлжилж буй биз.
Эргэн сануулахад 2018 онд Оюу толгой ХХК-ий 2013-2015 оны үйл ажиллагаанд татварын акт тавигдсан. Үүнээс Рио Тинто групп татварын актнаас 4.8 сая ам.долларыг хүлээн зөвшөөрсөн ч тусгай дансанд 1 их наяд гаруй төгрөг байршуулжээ. Маргаан үргэлжлэх явцад дундын дансанд байршуулсан 1 их наяд гаруй төгрөгийг манай засгийн газар авч, цар тахлын үед иргэн бүрд 300 мянган төгрөг тараасан юм. Одоогоор маргаан хэрхэн шийдвэрлэгдэх нь тодорхойгүй байна. Харин Давосын эдийн засгийн чуулган засгийн газраас төлөөлөн оролцож буй шадар сайд Т.Доржханд хөрөнгө оруулагчдад ээлгүй Монголыг хэрхэн төлөөлж суугааг төсөөлөхөд бэрх юм.









