



















Сангийн Яамны хяналтын байгууллага Маскийн удирдаж буй Засгийн газрын үр ашгийн хэлтэсийн (DOGE-Department of Government Efficiency) багийн ажилтай холбоотойгоор засгийн газрын төлбөрийн системийн хяналтыг шалгаж эхэллээ. Сангийн яамны Хяналтын Ерөнхий Газрын Албаныхан баасан гарагт мэдэгдэхдээ, “Холбооны засгийн газрын төлбөрийн системийн аюулгүй байдлын хяналтыг шалгах аудит эхлүүлж буйгаа зарлалаа” гэсэн юм.
Энэ нь Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны үед Засгийн газрын үрашгийн хэлтэс (DOGE)-ын нэрийн өмнөөс Илон Маскийн багт олгосон хандалтын талаар Ардчилсан намын сенаторууд санаа зовниж буйтай холбоотой аж.
Аудит нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд уг системд хийгдсэн гүйлгээг шалгаж, Маскийн илэрхийлсэн "Залилангийн шинжтэй төлбөрүүд"-ийн талаарх нотолгоог үнэлэх болно гэж Сангийн Яамны орлогч хянан шалгагч Лорен Ж. Скиурбагийн гарын үсэг зурсан албан бичигт дурджээ.
Энэхүү шалгалт нь Ардчилсан намын хууль тогтоогчид болон Холбооны Ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн (ХАҮЭ) санаачилж буй ил тод байдал, хариуцлагын тогтолцоог сайжруулах өргөн цар хүрээтэй ажлын нэг хэсэг юм. Ардчилсан намын хууль тогтоогчид болон ХАҮЭ-ийнхэн “Маскийн багийг Холбооны засгийн газрын компьютерийн системд хууль бусаар хандаж, олон арван мянган төрийн албан хаагчийг халах оролдлого хийсэн” гэж үзэж байна.
"Бид шалгалтын ажлаа нэн даруй эхлүүлэх болно" гэж Скиурба мэдэгдсэн юм. "Энэхүү ажлын цар хүрээг харгалзвал аудит наймдугаар сар хүртэл дуусахгүй байх магадлалтай. Хэрэв ноцтой асуудлууд шалгалтын явцад илэрвэл бид завсрын тайлан гаргаж, шаардлагатай арга хэмжээ авах болно." гэж нэмж хэлжээ.
Тесла, X (хуучин Twitter), SpaceX зэрэг компаниудыг удирддаг технологийн тэрбумтан Илон Маск DOGE-ийг татвар төлөгчдийн мөнгийг хэмнэхийн тулд хаягдал, залилан, зүй бус зарцуулалттай тэмцэж байна гэж мэдэгддэг. Гэхдээ түүний багийн эрчимтэй үйл ажиллагаа нь төрийн мэдээллийн системд ноцтой асуудал үүсгэж, хувийн мэдээллээс ашиг хүртэх эрсдэл дагуулж байна хэмээн үзэх хүмүүс байгаа.
Энэхүү шалгалтыг эхлүүлэхийг дэмжсэн сенаторуудын тэргүүн эгнээнд Массачусетс мужийн Элизабет Уоррен, Орегон мужийн Рон Виден нар байгаа.
Лхагва гарагт Уоррен, Виден, мөн Род-Айленд мужийн сенатор Жэк Рийд нар Сангийн сайд Скотт Бессентэд хандан илгээсэн захидалдаа DOGE багийн төлбөрийн системд хандах эрхийн талаарх яамны мэдээлэл зөрүүтэй байгааг онцолжээ.
"Эдгээр үйл явдлын талаар үнэн бодитоор мэдээлэхгүй байгаа нь эдийн засаг болон олон нийтэд учирч болох аюул заналхийлэлтэй харьцуулахад үнэхээр ноцтой асуудал юм. Та бүхэн хэн уг системд хандаж, юу хийж байсан, ямар зорилготой байсан талаар бүрэн, ойлгомжтой, олон нийтэд нээлттэй тайлагнах ёстой" гэж тэдгээр хууль тогтоогчид захидалдаа дурдсан байна.
Анх Сангийн яам DOGE багийн хандалтыг "Зөвхөн унших" түвшний эрхтэй гэж мэдэгдэж байсан юм.
Засгийн газрын төлбөрийн системд хандах зөвшөөрөл авсан 25 настай ажилтан Марко Элезийн нийгмийн сүлжээний аккаунтаас арьс өнгөөр ялгаварласан постууд илэрсний дараа тэрээр энэ сард ажлаасаа халагдсан байна. Гэвч Илон Маск Ерөнхийлөгч Доналд Трамп болон Дэд Ерөнхийлөгч Ж.Д. Вансын дэмжлэгтэйгээр түүнийг буцаан ажилд авахыг шаардаж байгаа юм.
Энэ хооронд иргэний эрхийг хамгаалах байгууллагууд болон үйлдвэрчний эвлэлүүд DOGE багийн Сангийн яамны төлбөрийн системд зөвшөөрөлгүй хандах магадлалтай үйлдэлтэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргаад гаргаад байгаа. Мөн Сангийн сайдын албыг хашиж байсан таван хүн Илон Маскийн DOGE багийг уг системд хандах нь конгрессоор батлагдсан төлбөрүүдийг саатуулах эрсдэлтэйг анхааруулжээ мэдэгдэл хийсэн.
Өнгөрсөн долоо хоногийн эхээр Сангийн Яам "Сенатын Санхүүгийн хороо" түүн дундаа хамгийн өндөр албан тушаалтай хоёр хууль тогтоогч, түүний дотор сенатор Виден нарт DOGE-ийн төлбөрийн систем ашигласан асуудлаар мэдээлэл өгөхөөс татгалзсан. Үүнийгээ тэд шүүхийн маргаан үргэлжилж байгаатай холбон тайлбарласан юм.











