



















Трамп Англи хэлийг АНУ-ын албан ёсны хэл болгох тушаалд гарын үсэг зурахаар болжээ. Энэхүү тушаал батламжлагдсанаар АНУ-ын түүхэнд үндэсний хэлтэй болсон анхны тохиолдол болох юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Англи хэлийг тус улсын албан ёсны хэл болгон зарлах түүхэн тушаалд гарын үсэг зурахаар төлөвлөж байгааг Цагаан ордны албан тушаалтан ABC News-т баталжээ.
Энэхүү тушаалаар АНУ анх удаа албан ёсны хэлтэй болох юм.
Шинэ тушаал нь 1990-ээд онд Ерөнхийлөгч Билл Клинтоны үед гаргасан, холбооны агентлагууд болон холбооны санхүүжилттэй байгууллагуудыг англи хэлээр ярьдаггүй хүмүүст хэлний туслалцаа үзүүлэхийг шаардсан журмыг хүчингүй болгоно. Харин шинэ тушаалын дагуу агентлагууд бусад хэлээр үйлчилгээ үзүүлэх эсэхээ өөрсдөө шийдэх эрхтэй болох юм.
Цагаан ордны байр суурь
Цагаан ордон уг шийдвэрийг хамгаалан, АНУ-д хэдэн зуун хэлээр ярьдаг ч Англи хэл хамгийн өргөн хэрэглэгддэг гэдгийг онцолсон байна. Мөн албан ёсны хэлтэй болох нь улсын нэгдмэл байдал, засаг захиргааны үр ашиг, иргэний оролцоог нэмэгдүүлнэ гэж тайлбарлажээ. "Англи хэлийг албан ёсны хэл болгох нь нэгдмэл байдал бий болгож, засгийн газрын үйл ажиллагааг үр ашигтай болгох бөгөөд иргэдийн идэвхтэй оролцооны замыг нээнэ" гэж Цагаан ордны мэдэгдэлд дурдсан байна. Одоогоор Трамп уг тушаалд хэзээ гарын үсэг зурах нь тодорхойгүй байна.
Үндэстний олон хэлний хэрэглээ
АНУ-д 350 гаруй хэлээр харилцдаг бөгөөд Испани, Хятад, Тагалог, Вьетнам, Араб зэрэг хэлнүүд Англи хэлнээс гадна хамгийн өргөн хэрэглэгддэг гэж АНУ-ын Статистикийн Товчоо мэдээлжээ. 2019 оны судалгаагаар АНУ-д гэртээ Англиас өөр хэлээр ярьдаг хүмүүсийн тоо 1980 онд 23.1 сая (10 хүн тутмын 1) байсан бол 2019 онд 67.8 сая (5 хүн тутмын 1) болж өссөн байна. Гэвч энэ хугацаанд Англи хэлтэй хүмүүсийн тоо ч мөн 187.2 саяас 241 сая хүртэл нэмэгджээ.











