



















АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 19-өөс доош насны “LGBTQ” хүмүүст үзүүлдэг хүйсийн халамжийг зогсоох зарлигт гарын үсэг зурлаа. Хүйсийг зөвхөн төрөх үеийн биологийн шинж чанараар тодорхойлох уг бодлогын хүрээнд "бага насны хүүхдийг химийн болон мэс заслын аргаар зэрэмдэглэх” явдлыг бүрэн зогсоох ёстой гэж Дональд Трамп үзэж байна.
Дональд Трампын зарлигт “бэлгийн бойжилтыг зогсоох эмчилгээ”, “эстроген”, “тестостерон” дааврын бэлдмэл, түүнчлэн мэс засалд нь дэмжлэг үзүүлдэг бүх халамжийг зогсооно гэсэн байна. Уг зарлигт, АНУ-ын эрүүл мэндийн даатгалд насанд хүрээгүй хүмүүсийн хүйс солих эмчилгээнүүдийг хамруулахыг зогсоож байна. Үүнээс гадна энэ төрлийн эмчилгээг хийлгээд улсаас нөхөн төлбөр авдаг эмнэлэгүүдийн үйл ажиллагааг зогсооно гэжээ. АНУ-ын хүүхдийн эмч нарын академи, АНУ-ын анагаах ухааны нийгэмлэг, LGBTQ хүмүүсийн эрхийг хамгаалах байгууллага тэргүүтэй газрууд Дональд Трампын шийдвэрийг эсэргүүцээд байна.
Одоогоор АНУ-ын 26 мужид хүйс солиулах хүсэлтэй хүүхэд залууст үзүүлэх халамжийг зогсоогоод байна.
АНУ-ын хэмжээнд 13-аас дээш насныхны 1-ээс бага хувь нь трансжендер гэх судалгааг “UCLA Williams” институтээс гаргажээ. Харин энэ долоо хоногийн эхээр Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын Батлан хамгаалахын салбарын удирдлагуудад трансжендер цэргүүдийн талаар баримталж буй бодлогыг дахин нягтлах тушаалд гарын үсэг зурсан юм.
Тэрээр тангараг өргөснийхөө дараа зөвхөн эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрөх зарлиг гаргасан байдаг. Ингэснээр АНУ-ын төрийн департамент "X" тэмдэглэгээтэй паспортыг олгохгүй болсон гэдгээ мэдэгдсэн юм. Ингээд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп малсан ёсоороо LGBTQ хүмүүсийн талаар баримтлах Жо.Байдены бодлогыг зогсоож байна. Харин Дональд Трампын зарлиг хуулийн хүрээнд олон асуудалтай тулгарч, шүүхээс түүний зарлигийг хүчингүй болгож магадгүй хэмээн шинжээчид үзэж байна.









