



















Цагаан сарын баяр дөхсөнтэй холбоотойгоор томоохон зах, худалдааны төв болон нийслэлийн авто замуудын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдээд буй. Тиймээс ирэх Бямба гарагаас битүүний өдөр хүртэл буюу хоёрдугаар 2025.02.21-28 хүртэл автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах саналыг нийслэлийн Засаг даргын тамгын газраас гаргаж, иргэдээс саналыг нь авч буй. Хэрэв иргэдийн олонх дэмжвэл нийслэлийнхэн ирэх амралтын өдрөөс эхлэн улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно.
2025.02.15-ны өдөр буюу өнөөдрийн 13.00 цагийн байдлаар санал асуулгад 2775 иргэн оролцсоны 51 хувь нь дэмжээгүй бол 49 хувь нь дэмжсэн санал өгөөд байна. Санал асуулга өнөөдөр дуусна.
Түгжрэл нэмэгдэх баяр дөхсөн өдрүүдэд автомашины улсын дугаарын хязгаарлалт хийх нь үр дүнтэй болохыг албаныхан үзэж буй. Гэхдээ иргэдийн саналыг харгалзаж шийдвэр гаргах юм байна. Тиймээс иргэд энд дарж саналаа өгөх боломжтой.
Өмнө нь хэвлэл мэдээллийн байгууллагуудаас явуулсан санал асуулгад 10 мянга гаруй иргэн оролцож, 60 хувь орчим нь автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийхийг дэмжжээ.











