



















Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Дүнжингарав" хаврын морин уралдааныг зохион байгуулах эсэх асуудлыг хэлэлцлээ. Ингэхдээ, наадмаас бусад соёл урлаг, спортын арга хэмжээг арга хэмжээг зохион байгуулахыг аймаг нийслэлийн удирдлагууд өөрсдөө шийднэ. Хариуцлагаа ч хүлээдэг байх зохицуулалтыг хийлээ гэж Шадар сайд С.Амарсайхан мэдэгдлээ. Тэрбээр,
Аймаг орон нутгуудийн эрх үүргийг нэмэгдүүлж аймаг бүсийн хэмжээнд аливаа соёл урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулах бүх эрх мэдлийг нь орон нутагт шилжүүлэх шийдвэр гаргалаа. Улсын наадмаас бусад арга хэмжээг зохион байгуулахыг аймаг, нийслэлийн удирдлагууд өөрсдөө шийднэ. Хяналтаа тавина, хариуцлагаа ч хүлээнэ. Ингэхгүй бол Засгийн газар нэг шийдвэр гаргачихдаг. Орон нутагт хэрэгжилт нь бүрэн хангагддаггүй. Эргээд уялдаа холбоо байхгүйгээс үүдэн эзэнтэй, эзэнгүй арга хэмжээ их болдог учраас тэр хүрээндээ асуудлууд шийдэгдэнэ
Харин Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Хаврын морин уралдаан зохион байгуулбал 3 сарын 1-ээс хойш, 12-оос дээш насны хүүхэд уралдуулдаг байхаар зөвлөмж гаргана" гэж тайлбарлалаа.
Ингэснээр хүүхдийн эрх зөрчигдөнө, өв уламжлал алдагдана гэж талцаад буй "Дүнжингарав" морин уралдааныг зохион байгуулах асуудлыг Засгийн газрын эрх хэмжээнээс гаргаж, аймаг, орон нутаг, нийслэлийн удирдлагууд шийдэхээр боллоо.
Уг нь 2018 оны нэгдүгээр сард Засгийн газраас "Жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулах хурдан морины уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг хурдан морь унуулахыг хориглосон" тогтоол гаргасан билээ.
Ингэхдээ "Өвөл, хаврын улирлын хурдан морины уралдааны тухай” Засгийн газрын 2018 оны 19-р тогтоолоор өвлийн улирал болон жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс 5-р сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулах хурдан морины уралдаан болон сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг оролцуулж хурдан морь унуулахыг хориглосон" байдаг.
Улмаар албан бичгийг тухайн үеийн холбогдох албан тушаалтнууд болох ХНХ-ын сайд С.Чинзориг, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, Гэр бүл, хүүхэд, залуучууды хөгжлийн газрын дарга О.Алтансүх, Монголын морин спорт, уяачдын холбоо” ТББ-ын ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Мөнхбаясгалан нарт хүргүүлж албан бичгийг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгож байв. Засгийн газрын тогтоолоос гадна шүүхийн хоёр удаагийн шийдвэр бий. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тогтоол, Засгийн газрын эвлэрэл хоёрыг шүүх баталгаажуулсан байдаг юм. Тиймээс Засгийн газар хаврын морин уралдааныг шууд шийдэх боломжгүй, өнгөрсөнд гаргасан шийдвэрээсээ ухарч уяачдыг дэмжсэн шийдвэр гаргавал Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болох байсан юм.
Гэтэл Засгийн газар "Дүнжингарав" морин уралдааныг зохион байгуулах асуудалд бөөрөнхий хандаж, нийгмийн талцлаас эмээж орон нутаг руу шилжүүлэх сонголтыг хийлээ. Эндээс Засгийн газар, нэр бүхий сайд нар өөрсдөө морьтой жагсагчдыг дэмжиж байсан гэх олны хардлага баталгаажиж байна.









