



















Эрүүл мэндийн яамнаас Налайх дүүргийн халдвар гарсан боловсролын байгууллагын танхимын сургалтыг 2025.02.03-2025.02.10 хүртэл /7 хоног/ хаах арга хэмжээ авч хэрэгжүүлэх санал хүргүүлээд буй. Учир нь,
Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, Онцгой комисс, Эрүүл мэндийн төвийн мэргэжилтнүүд хамтран Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 28 дугаар тушаалаар эрсдэлийн үнэлгээг хийхэд “ӨНДӨР” эрсдэлтэй гарсан.
Халдварын голомтод Халдварт өвчин судлалын үндэсний төв, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн хамтарсан баг хариу арга хэмжээ авч ажиллаж байна.
Одоогоор Баянгол дүүрэгт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол нь эмнэлзүйн шинж тэмдэг буюу өндөр халуурах шинж тэмдэггүй, биед тууралт гарсан шинж тэмдэгтэй, шинжилгээг үргэлжлүүлэн хийж байна.
Менингококкын халдвар хамгийн анх өнгөрсөн Пүрэв гарагт нийслэлийн Налайх дүүргийн 307-р цэцэрлэгт менингоккокт халдварын нэг тохиолдол бүртгэгдсэнээр эхэлж, эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Гурван нас долоон сартай эрэгтэй хүүхэд нэгдүгээр сарын 29-ны өглөө 08.30 цагт харъяа өрхийн эрүүл мэндийн төвд маш өндөр халууралттай очсон байна. Өрхийн эмч анхан шатны үзлэгээр менингоккокт халдварын шинж тэмдэг илэрсэн тул дүүргийн эмнэлгээс ХӨСҮТ-д авчран эмчилж байсан ч харамсалтай нь баасан гарагт өвчнөө даалгүй эндсэнд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Менингококкт халдвар нь агаар дуслаар дамждаг нянгийн халдвар. Маш өвөрмөц тууралт арьсан дээр туурч, тархины хаван болон халдварын шокоор нас барах өндөр эрсдэлтэй өвчинд тооцогддог. Тандалтын мэдээгээр 5-10 жилийн үечлэлтэй дэгддэг гэж үздэг. 2025, 2026 он бол менингококкт халдварын дэгдэлтийн жил гэж үзэж буй. Үүнтэй холбоотойгоор, эцэг эхчүүд хүүхдээ энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах хүсэлтэй ч вакцин хийхгүй байна гэх шүүмжлэл нийгмийн сүлжээнд өрнөжээ. Энэ тухай ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяраас
"Менингококкт халдварын товлолт вакцин байхгүй. Өмнөх жилүүдэд ДЭМБ-ийн тусламжаар 5000 хүн тун вакциныг эрсдэлт бүлгийн хүн ам буюу хүүхдүүдэд хийсэн. Энэ жил мөн вакцины асуудлыг ярьсан. Хэрэв тухайн бүс нутагт дэгдэлт гарсан тохиолдолд урьчилан сэргийлэх зорилгоор эрсдэлт бүлгийн хүн амд хийдэг" гэх тайлбарыг өгөөд байна.
Менингококк халдвар нийслэлд бүртгэгдсэнээс улбаалан Эрүүл мэндийн яам, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг улсын эмнэлгүүдийн удирдлагуудад Менингококк халдварын тархалт, урьдчилан сэргийлэх чиглэлд хэрхэн ажиллах чиглэл өгсөн юм.











