



















Хинду шашинтны Дивали баяр пүрэв гарагт эхэлнэ. Хиндучуудын Дивали баяр бол гэр бүлээрээ цугларч найрлаж, их хэмжээний салют буудуулдаг шашны уламжлалт баяр. Энэ баяраар Энэтхэгийн агаарын чанар маш дордож "аюултай" түвшинд хүрдэг. Гэтэл Дивали баяр эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Энэтхэгийн хойд хэсэг болон Пакистан улсын зүүн хэсгийг аль хэдийн хорт, өтгөн утаа бүрхжээ. Жил бүрийн өдийд буюу Дивали баярын үеэр Энэтхэг болон Пакистаны агаарын чанарын индекс унадаг байна. Дэлхийн агаарын чанарыг хянадаг IQAir-ийн мэдээлснээр Энэтхэгийн нийслэл Дели хотын агаарын чанарын индекс 200-аас дээш буюу "эрүүл бус" түвшинд долоо хоносон. Гэвч даваа гарагийн өглөө энэ түвшин 250 болж нэмэгджээ.
Энэтхэгийн хил орчмоос ойролцоогоор 25 километрийн зайд орших Пакистаны Лахор хотод даваа гарагийн өглөө агаарын чанарын индекс “аюултай” буюу 500-аас давжээ. Энэ бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан эрүүл агаарын удирдамжаас 65 дахин их үзүүлэлт. Ингэснээр Пакистаны Лахор хот дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотын жагсаалтыг тэргүүлжээ.
2024 оны 10-р сарын 25. Пакистаны Лахор хотод утааны түвшин нэмэгдэж байгаа учир сурагч охид сургуулиас гарахдаа макс зүүжээ.
Тус хоёр улсын агаарын чанар муу байгаа нь, тариаланчид жил бүрийн өдийд хөдөө аж ахуйн хог хаягдлаа шатаадгаас үүдэлтэй. Үүнээс гадна нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд, замын хөдөлгөөний ачаалал, бас Дивали баяр нэмэгдэнэ. Үүн дээр салхигүй өдрүүд үргэлжлэх нь ийнхүү бүс нутгийн агаарын чанарыг улам дордуулдаг байна. Утааны улирал ирж ийнхүү агаарын чанар эрс дордох нь амьсгалын замын өвчлөл, дундаж наслалтад нөлөөлдөг болохыг ДЭМБ-аас мэдээлдэг. Энэтхэгийн агаарын бохирдлын түвшин жил бүр сая сая иргэний амь насыг авч оддог гэх судалгаа бий. Энэтхэгийн засгийн газар 2019 онд үндэсний хэмжээнд "Цэвэр агаар" хөтөлбөр эхлүүлж, 2026 он гэхэд агаар бохирдуулагч тоосонцрын агууламжийг 40%-иар бууруулах зорилт тавьсан. Энэ стратеги нь тус улсын 24 мужид хэрэгжиж байна. Энэхүү арга хэмжээнд тус улс нүүрсээр ажиллах станцуудын тоог багасгах, хог хаягдал шатаахгүй байх, мод бут ихээр тарих зэрэг арга хэмжээнүүд багтаж байна.
2024 оны 10-р сарын 23. Пакистаны Лахор хотын өтгөн утаатай гудамж.
Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн Дээд шүүх Пунжаб, Харьяна мужуудын захиргааг шүүмжилж хууль бусаар сүрэл шатаах, тариаланчид тариалангийн талбайгаа цэвэрлэхдээ хог хаягдлыг шатааж байсныг буруушаажээ. IQAir-ийн мэдээлснээр Нью Дели хотын утааны улирал 11-р сард эхэлдэг байна.
2024 оны 10-р сарын 27. Шинэ Дели хотод ачааны машин гудамжинд ус цацаж, шороо тоосонцорыг буулгаж байна.
Энэтхэгийн Шинэ Дели хотын агаарын бохирдолтой тэмцэх газраас зам дээр ус цацах ажлыг эхлүүлсэн ч ямар үр дүн гарахгүй байгааг мэргэжилтнүүд онцолжээ.
Ийнхүү Дивали баяр эхлэхэд эрс нэмэгддэг өтгөн утаа, баярын өмнө эхэлсэн нь эрх баригчдын санааг зовоох гол асуудал боллоо. Пүрэв гарагт Энэтхэг болон Пакистаны агаарын бохирдлын түвшин ямар зэрэгт шилжих бол...









