




















Монгол Улсын баатар Эрдэнэт үйлдвэрийн Баялаг бүтээгч, Эрхэм уурхайчин хамт олон, Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн ахмад ажилтнууд, анхдагчид аа, Орхон аймаг, Эрдэнэт хотын хүндэт иргэд ээ!
Та бүхэндээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын түүхт 47 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, нийт Уурхайчин хамт олныхоо нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэн мэндчилье.
1978 онд БНМАУ, ЗХУ-ын найрамдал, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болон эхэлсэн “Эрдэнэт” үйлдвэрийн түүх бол Монгол Улсын Уул уурхайн салбарын хөгжил дэвшил, үндэсний аж үйлдвэрийн тулгуур болсон бахархалт замнал юм. Энэ бол зөвхөн хүдэр олборлож, баялаг бүтээсэн түүх бус, харин улс орон, хот суурин, хүний амьдралыг хамтад нь бүтээсэн их хөдөлмөрийн түүх билээ.
Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын нийгэм, эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж, дотоодын нийт бүтээгдэхүүний 5.8 хувь, улсын төсвийн 7.2 хувийг дангаараа бүрдүүлэхийн зэрэгцээ валютын орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх, мэдлэг чадвартай мэргэжилтэн бэлтгэх, байгаль орчин, нийгэмд ээлтэй тогтвортой уул уурхайг хөгжүүлэхэд манлайлан ажиллаж байна.
Энэ амжилтын эхлэл нь, идэр залуу насаа их бүтээн байгуулалтад зориулж, “Эрдэнэт” үйлдвэрийг анх байгуулж, суурийг нь босгосон анхдагчид, ахмад үеийн геологичид, уурхайчдын уйгагүй хөдөлмөр, эх оронч сэтгэл зүтгэл билээ. Та бүхний хөлс, хөдөлмөр, зүтгэл, зориг тэвчээрийн үр шимээр Эрдэнэт үйлдвэр өдгөө бат бэх суурьтай, ирээдүйгээ тодорхой харсан томоохон бүтээн байгуулалт болон хөгжин дэвшиж байгааг дуулгаж, талархал илэрхийлье.
Өнөөдрийн Эрдэнэт үйлдвэр бол мянга мянган уурхайчдын мэдлэг, ур чадвар, сахилга бат, хариуцлагын нэгдэл юм. Геологи хайгуулаас эхлээд, ил уурхайн олборлолт, тээвэрлэлт, баяжуулалт, боловсруулалт, засвар механик, угсралт тохиргоо, судалгаа шинжилгээ, эрүүл мэнд, нийгэм соёл, санхүү, эдийн засаг, удирдлага менежмент гээд бүх шатанд ажиллаж буй та бүхний хөдөлмөрийн үр дүнгээр үйлдвэр маань тасралтгүй, найдвартай, үр ашигтай ажиллаж байна.
Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, уурхайчин хамт олон үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг ханган, нэгэн зорилгын төлөө эв нэгдэлтэй, хөдөлмөрийн өндөр зохион байгуулалттай ажилласны үр дүнд улс, орон нутгийн төсөвт, сүүлийн 3 жилийн дунджаар 1.8 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн.
Бид 47 дах жилийн түүхийг бүтээж буй энэ 2025 ондоо хүлээгдэж буй гүйцэтгэлээр үйлдвэрлэлийн төлөвлөгөөг үзүүлэлт бүрээр нь 100-с дээш хувиар биелүүлж, 47.1 сая тонн хүдэр олборлож, 39.9 сая тонн хүдэр боловсруулан, 574.2 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд нийлүүлж байна. Мөн үйлдвэрлэл, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн биелэлтийг ханган, хүлээгдэж буй гүйцэтгэлээр 4.6 их наяд төгрөгийн орлоготой ажиллаж, улс, орон нутгийн төсөвт 1.9 их наяд төгрөгийг төвлөрүүлэхээр байна.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Уурхайчин хүн гэдэг бол мэргэжлийн ур чадвараас гадна эх оронч сэтгэл, хамтын үнэт зүйл, хат суусан тэвчээрийг өөртөө шингээсэн бахархалт бат чанарын илэрхийлэл билээ. Та бүхний хичээл зүтгэл бол Эрдэнэт үйлдвэрийн өнөө ба ирээдүйн баталгаа юм.
Эрдэнэтийн уурхайчид бид байгалийн баялгийн үр өгөөжийг Баялгийн сангаар дамжуулан нийт ард түмэндээ хүртээх төр, засгийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлж, нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаагийн үр дүнд 47 жилийнхээ түүхэн ойг ирээдүйгээ итгэлтэй харсан, стратегийн ач холбогдол бүхий онцлох амжилтуудаар угтлаа.
Эрдэнэт үйлдвэр цаашид 55 жил тогтвортой ашиглагдах геологийн нөөцөө 2024 онд олон улсын Жорк стандартаар албан ёсоор баталгаажуулсан. Энэхүү амжилт нь олон арван жилийн хайгуул, судалгаа, инженер техникийн бодит тооцоо, эрдэм шинжилгээний ажлын үр дүн билээ.
Тэгвэл 2025 онд Оюут ордын хайгуулын ажлыг бүрэн дуусгаж, урьдчилсан үр дүнгээр 0.32% зэсийн агуулгатай, 357.0 сая.тн хүдрийн нөөцийг тогтоон, шинэ орд нээснээ албан ёсоор зарласан нь Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйн хөгжлийн шинэ хуудсыг нээсэн түүхэн үйл явдал боллоо.
Ингэснээр, Эрдэнэт үйлдвэр нийтдээ 100 гаруй жил тогтвортой ажиллах нөөц боломжоо баталгаажуулсан, Монгол Улсын Уул уурхай, эрдэс баялаг, аж үйлдвэрийн салбарт урт хугацаанд үнэтэй хувь нэмэр оруулах бүрэн чадамжтай бодитой бүтээн байгуулалт гэдгээ дахин нотолсон юм.
Энэ бүхэн удирдлага, уурхайчин хамт олны уялдаа холбоо, шинжлэх ухаанд суурилсан бодлого, нэг зорилгын төлөөх эв нэгдлийн тод илэрхийлэл юм.
Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн хөгжил, ирээдүйн итгэлтэй алхам бүрийн цаана ахмад үеийн уурхайчдын үнэт туршлага, үлгэр дуурайл оршиж байдаг. Манай үйлдвэрийн түүхийн амьд гэрч, залуу үеийнхний бахархал, суралцах үнэт өв болсон анхдагчид, ахмадууд та бүхэн эрүүл энх, урт удаан насалж, бүтээн байгуулалтынхаа үр шимийг үр хүүхэд, ач зээ нартайгаа хамт эдлэхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.
47 жилийн түүх бол бахархал, өнөөдөр бол инноваци, технологи, ирээдүй бол илүү их хариуцлага, өндөр зорилт юм. Эрдэнэт үйлдвэр цаашид ч байгалийн баялгийг зөв зохистой ашиглах, үндэсний баялгийг нэмэгдүүлэх, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах эрхэм зорилгоо тууштай хэрэгжүүлэн ажиллах болно.
Эрдэнэт үйлдвэрийн 47 жилийн түүхэн ойг тохиолдуулан үйлдвэрийн үе үеийн төлөөлөл болсон Уурхайчин хамт олондоо, Орхон аймаг, Эрдэнэт хотын иргэддээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
"Эрдэнэт" уулын минь буян хишиг дэлгэрэх болтугай!
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал,
Геологи-минералогийн ухааны доктор (Ph.D) Гэлэнгийн ЁНДОН










