



















АНУ-ын Эрүүл мэндийн сайд Роберт Ф. Кеннеди Жуниор мягмар гарагт мэдэгдэл хийж, mRNA (mRNA вакцин гэдэг нь хүний биед ямар нэг өвчний эсрэг уураг үүсгэх зааврыг агуулсан синтетик mRNA оруулж өгдөг) технологид суурилсан вакцины судалгаа, хөгжүүлэлтийн төсөлд зориулагдсан санхүүжилтээс ойролцоогоор 500 сая ам.долларын зардлыг танахаар болсноо зарлалаа.

Вакцины талаар удаан хугацаанд шүүмжлэлтэй байр суурьтай байсаар ирсэн Кеннеди өөрийн нийгмийн сүлжээнд нийтэлсэн бичлэгтээ, mRNA технологитой холбоотой нийтдээ 500 сая ам.долларт дөхөх 22 гэрээг АНУ-ын Биомедицин дэвшилтэт судалгаа, хөгжүүлэлтийн газар (BARDA) цуцалсан гэж мэдэгдэв.
“Шинжлэх ухааны судалгааг дахин нягталж, NIH (Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэн), FDA (Хүнс, Эмийн Захиргаа)-ийн тэргүүлэх мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөний үндсэн дээр, mRNA технологи нь COVID-19 болон томуу зэрэг амьсгалын замын вирүсийн хувьд ашиг туснаас илүү эрсдэл дагуулж байна гэж HHS (Эрүүл мэнд, хүний үйлчилгээний яам) дүгнэсэн” хэмээн Кеннеди хэлжээ.
Тэрбээр mRNA вакцины оронд “аюул багатай, илүү өргөн хүрээтэй вакцины стратегид” хөрөнгө оруулалт хийх болно гэж мэдэгдэв.
Кеннедигийн хэлснээр, mRNA вакцинууд амьсгалын замын вирүсийн эсрэг үр дүн багатай байсан бөгөөд вирус хувирах үед үр нөлөө нь унаж, үл хэрэгтэй болдог. mRNA технологи 2020-2021 оны COVID-19 цар тахлын үеэр өргөн хэрэглэгдсэн бөгөөд хүний биед эсрэг төрөгч үүсгэх зорилгоор вирус эсвэл нянгийн бодит хэсэг бус, харин мессеж дамжуулагч молекул оруулдаг зарчмаар ажилладаг гэжээ.
Кеннеди вакцины талаар удаан хугацаанд шүүмжлэлтэй байр суурьтай байсан бөгөөд урьд нь вакцинтай холбоотой шүүхийн маргаан дээр ажилладаг хуульч байжээ.
Тэрбээр батлагдсан анагаах ухааны практик, нотолгоонд эргэлздэг, мөн вакцин болон аутизм хоёрын хооронд хамааралтай гэх олонтаа няцаагдсан хуйвалдааны онолыг түгээн сурталчилж ирсэн түүхтэй.
2025 оны зургадугаар сард Кеннеди Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтын төвийн (CDC) Дархлаажуулалтын зөвлөх хорооны бүх 17 гишүүнийг ажлаас нь халж, вакцины талаар эргэлздэг хандлагатай гэдгээрээ танигдсан 7 шинэ гишүүнийг өөрийн сонголтоор томилсон юм.











