



















Европын Төв Банкны (ЕТБ) Ерөнхийлөгч Кристин Лагард лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ, еврозоны эдийн засаг худалдаа, батлан хамгаалах, уур амьсгалын асуудлаас үүдэлтэй онцгой шокуудад өртөж байгаа нь инфляцын хэлбэлзлийг нэмэгдүүлэх, үнийн өсөлт удаан хугацаанд үргэлжлэх эрсдэлийг бий болгож болзошгүйг анхаарууллаа. Эдгээр хүчин зүйлс нь ЕТБ-аас бодлогын тодорхой чиглэл өгөх боломжгүй болгож байгаа ч 2%-ийн инфляцын зорилтыг чанд баримтлах, янз бүрийн шокуудад хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ тодорхой болгох шаардлагатай болгож байна гэж Лагард Франкфурт хотноо хэлсэн үгэндээ онцоллоо.
ЕТБ өнгөрсөн 6-р сараас хойш хүүгээ зургаан удаа бууруулсан ч өнгөрсөн долоо хоногт цаашдын бодлогын талаар тодорхой дохио өгөөгүй бөгөөд энэ нь зах зээлд тодорхой бус байдал үүсгээд байна. Ялангуяа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын олон улсын хамтын ажиллагаанд сорилт үзүүлж буй бодлого энэ тодорхой бус байдлыг улам гүнзгийрүүлж байгаа юм.
"Сүүлийн хэдэн жил, тэр дундаа сүүлийн хэдэн долоо хоногт бидний хүлээлт үнэхээр үгүйсгэгдлээ" гэж Лагард хэлсэн байна. "Хэдхэн сарын өмнө боломжгүй мэт байсан улс төрийн шийдвэрүүдийг бид харлаа" гэжээ.
Худалдааны хуваагдал (trade fragmentation) нь үнэ огцом, илүү тасалдсан (disruptive) байдлаар өсөхөд хүргэж болзошгүй бөгөөд батлан хамгаалах нэмэлт зардалтай адил инфляцыг өсгөх боломжтой гэж тэрээр тэмдэглэв.
Гэхдээ заримдаа ийм шокууд хоорондоо тэнцвэржиж, үнийн дарамтыг бууруулах ч боломжтой байдаг гэж Лагард тайлбарлалаа. Гол асуудал нь томоохон шокууд жижиг шокуудаас хамаагүй хүчтэй нөлөө үзүүлж, улмаар инфляцийг удаан үргэлжлэх шинжтэй болгодог явдал юм.
Ийм хэмжээний үнийн огцом өөрчлөлтүүд болон өнөөгийн цалин тогтоох механизм нь инфляц удаан үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлэх эрсдэлтэй байна.
"Хэрвээ эдийн засагт томоохон шок учрах үед үнэ тогтоох загварууд ийм байдлаар ажиллах нь нийтлэг үзэгдэл болбол, харин цалин нэмэгдүүлэх давтамж үүнээс удаан хэвээр байвал, инфляци илүү удаан үргэлжилж болзошгүй" гэж Лагард тайлбарлалаа.
"Их хэмжээний шок нь инфляцид хурдан нөлөөлнө, харин үүний дараа цалин үнийн өсөлтөө гүйцэх гэж шат дараалан нэмэгдэх хэрэгтэй болно" гэж тэр нэмж хэлэв.
Лагард эдгээр асуудлыг шийдэх тодорхой гарц санал болгоогүй ч ЕТБ юу хийж чадах, юу хийж чадахгүйгээ ил тод тайлбарлах ёстой гэж онцоллоо.
Банк инфляцийг үргэлж яг 2% байлгана гэж амлах боломжгүй, бас бодлого хаашаа чиглэхийг яг таг хэлэх боломжгүй.
Гэвч инфляци дунд хугацаандаа 2%-д ойртох бодлого баримтлах ёстой бөгөөд ямар нөхцөлд хэрхэн хариу арга хэмжээ авах буюу тэдний "реакцийн функц"-ийг (reaction function) тодорхой болгох ёстой гэж Лагард хэллээ.
"Бид өөрчлөгдөж буй нөхцөл байдалд хэрхэн хандах, ямар төрлийн мэдээлэлд тулгуурлах зэргээ тодорхой тайлбарлаж чадна" гэж тэрээр нэмж хэлэв.









