



















Филиппин улсыг "Трами" халуун орны хар салхи дайрлаа. Хар салхины улмаас их хэмжээний үер бууж, хөрсний нуралт үүсээд байна. Нэг өдрийн дотор амь үрэгдэж, сураггүй алга болсон хүмүүсийн тоо 130-д хүрсэн байна. Үүнээс 85 хүн амиа алдсан бол 41 нэг сураггүй алга болсон гэж Филиппиний гамшгаас хамгаалах агентлаг үзэж байна. Тус улсад яг одоо эрэн хайх, аврах ажиллагаа улс даяар өрнөж байна. Цаг уурчдын мэдээлж байгаагаар тус улсад 24 цагийн дотор буусан үер 1-2 сар орох хур тунадасны хэмжээтэй тэнцэж байна гэжээ.
Мөн тусгаарлагдсан бүс нутгуудаас ирж буй мэдээллээр амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэх төлөвтэй байна гэжээ. Филиппиний Манила хотын ойролцоох Албай мужийн Полангуй хотын оршин суугчдыг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлжээ. Тус хот хар салхины улмаас тэр чигтээ гол мөрөн болж, усанд живжээ. Байшин барилга, машин тэрэг, зам талбай, тэр чигтээ усанд дор оржээ.
Тус улсын Засгийн газрын яаралтай хуралдаан зарлаж Филиппинд тохиож буй 11 дэх шуурга гэдгийг онцлов. Шуурга замаасаа хазайхгүй бол өнөөдөр Вьетнамыг дайрах төлөвтэй байна. Мөн шуурга ирэх долоо хоногт эргэж Филиппинийг дайрч болзошгүй мэдээлэлтэй танилцжээ. Харин Филиппиий Ерөнхийлөгч Фердинанд Маркос үерт өртсөн бүс нутгуудад ажиллаж байна. Тэрээр үерийн усны түвшин хэтэрхий их байна. Эрэн хайх ажиллагаа ч тун хүндрэлтэй байна. Хэлж боломгүй гамшиг биднийг дайрлаа гэсэн юм.
Фердинанд Маркосын засаг захиргаа уур амьсгалын өөрчлөлтөөс тохиож буй үерийн гамшгийн эсрэг зогсож болзошгүй аюулаас сэргийлэхээр том төсөл дээр ажиллахаар төлөвлөж байгаагаа мөн онцолсон байна. Одоогоор тус улсад нийт 5 сая гаруй хүн шуурганд өртөн эд хөрөнгөө алдсан бол, 500 мянга орчим хүн 6,300 гаруй тусламжийн байранд хуваагдаж байрлажээ.
Номхон далай болон Өмнөд Хятадын тэнгисийн хооронд орших Зүүн өмнөд Азийн улс Филиппинийг жил бүр 20 орчим шуурга, хар салхи дайрдаг. Өнгөрсөн 2013 онд тус улсыг энэ зуунд тохиож болох хамгийн хүчтэй “Хайян” хар салхи дайрсан байдаг. Хайян хар салхи 7300 гаруй хүний авч насыг авч одсон бөгөөд бүхэл бүтэн хот тосгодыг газартай нь тэгшилж байжээ.









