



















Арваннэгдүгээр сар гарахад хоёрхон хоног дутуу байна. Гэвч Японы алдарт Фүжи уул цасгүй хэвээр байгаа нь 130 жил тохиогоогүй хачирхалтай үзэгдэл болж байна.
Аравдугаар сарын эхээр Японы хамгийн өндөр оргилууд цасанд дарагдсан байдаг. Харин өнөөдөр Фүжи болон бусад оргилууд цасгүй “нүцгэн” байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийн дохио хэмээн мэргэжилтнүүд тайлбарлажээ.
Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр Фүжи ууланд дунджаар 10-р сарын 2-5 ны хооронд цасан бүрхүүл тогтсон байдаг гэжээ.
Японд анхны цас орж, Фүжи ууланд цасан бүрхүүл тогтсоноор өвөл болсныг илтгэнэ.
Гэвч өнөөг хүртэл Японы цаг агаар дулаан, 1898 оноос хойш хамгийн дулаан жилээ үдэх гэж байна. Тухайлбал 6-9 сар хүртэл тус улсын агаарын дундаж хэм хэвийн хэмжээнээс 1.76 хэмээр дулаан байсан нь 2010 онд бүртгэгдсэн 1.08 хэмийг давсан байна. Японд одоо ч дулаахан намар үргэлжилж байгаа бөгөөд энэ аравдугаар сарын эхний 7 хоногийн байдлаар тус улсын 74 хотод агаарын хэм 30 болон түүнээс дээш хэмийн дулаан байна.
Фүжи уул цасанд дарагдаагүй байгаа нь тус улсын аялал жуулчлал, орон нутгийн эдийн засаг, хоол хүнс, усны хангамж, тэр байтугай иргэдийн харшилд хүртэл нөлөөлдөг байна.
Цаст Фүжи уул
Далайн түвшнөөс дээш 3776 метр Фүжи уул нь жил бүр сая сая жуулчдын үзэх гэж ирдэг гайхалтай өв юм. Сүүлийн жилүүдэд Фүжиг зорин ирэх жуулчид зохисгүй хувцаслах, хог хаягдал ихээр хаях, зэрэг бүдүүлэг үйлдэл гаргах болсон тул Японы эрх баригчид жуулчны татварыг хэрэгжүүлж эхэлжээ. Одоо ууланд авирах жуулчин 2000 иен буюу 12.4 ам.доллар төлж Фүжи ууланд авирах ёстой бөгөөд өдөрт дээд тал нь 4000 уулчин авирах зохицуулалтыг тусгажээ.
Япон улсын билэг тэмдэг болсон Фүжи уул нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд Яманаши, Шизүока мужуудын дунд оршино.









