



















Саудын Арабын Эр-Рияд хотноо "Ирээдүйн эрдэс баялгийн" форум зохион байгуулагдаж байна. Эр-Рияд хотноо жил бүр зохион байгуулагддаг "Ирээдүйн эрдэс баялгийн" форумд ашиг малтмалын нөөцтэй улс орнууд оролцож, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, томоохон нээлт, төсөл хөтөлбөрүүдээ зарлаж, дэлхийн ашигт малтмалын газрын зурагт орохоор зорьдог уламжлалтай.
Мөн "Ирээдүйн эрдэс баялаг форумын үеэр олон гэрээ хэлцлүүд хийгдэж төсөл хөтөлбөрүүд гараанаасаа гарна.
Энэ жилийн хувьд зохион байгуулагч Саудын Араб улс 100 тэрбум долларын өртөг бүхий ашигт малтмалын төслүүдийг хөдөлгөж, хөрөнгө оруулалт татахаа мэдэгдээд байна. Саудын Арабын 100 тэрбум долларын ашигт малтмалын төслүүдийн 20 орчим хувь нь инженерийн эцсийн шатандаа яваа төслүүд гэж тус улсын Уул уурхайн дэд сайд Халид аль-Мудайфер мэдэгджээ.
Үүнд лити, алт, зэс, цайр, фосфат, никель тэргүүтэй бусад ашигт малтмалууд болон, газрын ховор элементийн хайгуулын шинэ төсөл багтаж байна.
Өнгөрсөн 2024 оны 1-р сард болсон "Ирээдүйн эрдэс баялгийн" форумын үеэр Саудын Арабын засгийн газар ашигт малтмалын хайгуулын салбарт 182 сая ам.долларын урамшуулал олгох хөтөлбөр зарласан байдаг.
Ингэснээр Саудын араб 2024 онд уул уурхайн салбартаа их хэмжээний хөрөнгө оруулалт татаж чадсан бөгөөд шинээр "газрын ховор элементын" орд илрүүлсэн байна. Ингэснээр тус улсын 2024 онд ашиглагдаагүй ашигт малтмалын нөөцийн үнэлгээ 1.3 их наяд ам.доллараас 2.5 их наяд ам.доллар болгон нэмэгдээд байна.
Саудын Араб улсад газрын ховор элементийн орд илэрснээр тус улсын уул уурхайн салбарт томоохон "тэсрэлт" болох төлөвтэй байгааг шинжээчид онцолж байна. Мөн газрын ховор элемент илэрснээр тус улсыг зорих хөрөнгө оруулагчдын тоо өсөх хандлагатай байна.
Саудын Арабын угсаа залгамжлагч Мохаммид Бин Салман хэлэхдээ "Бид ашигт малтмалын салбарт аль болох шуурхай хөрөнгө оруулалт татаж, нөөцүүдээ тогтоох ёстой" гэжээ.
Дэлхийн улс орнуудад ашигт малтмалын хайгуулын салбарынхаа үүдийг томоор нээж өгч буй Саудын Араб улс энэ онд мөн л хөрөнгө оруулагчдаа нээлттэй урьж байна. Байгалийн асар их нөөцтэй тус улс хайгуулын салбарт орж ирж буй гадны компаниудад улсын төсвөөсөө урамшуулал хүртэл олгож байгаа нь уул уурхай эрдэс баялгийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр татах болсон юм.
Байгалийн нөөцүүдээр тэргүүлэгч болохоор уралдаж буй Саудын Арабын жишгийг бусад улсууд судлах ёстой гэж шинжээчид үзэж байна.
Тэр дундаа дэлхийн геополитикийн өрсөлдөөний амин цэг "газрын ховор элементийн" олборлолтод ийнхүү нэгэн шинэ өрсөлдөгч хүч түрэн орж ирэх нь...
Харин манайх?...
Газрын ховор элементийн төсөл Халзанбүрэгтэй ордоо хөдөлгөх нь бүү хэл дотоодын үймээн самуунаа цэгцлэх нэг тийш болгож чадахгүй үймэлдэж байна. Биднийг ашигт малтмалын салбарт учраа олохгүй талцаж байх зуурт бусад орнууд газрын ховор элемент илрүүлэх гэж уралдаж эхэллээ.









