



















Даваа гарагт газрын тосны үнэ өмнөх өдрийн таван сарын хамгийн доод түвшинд хүрсэн уналтын дараа бага зэрэг сэргэж өсөв. Энэ нь дэлхийн хамгийн том хоёр эдийн засаг болох АНУ болон БНХАУ-ын ерөнхийлөгчдийн хооронд болох магадлалтай уулзалт худалдааны хурцадмал байдлыг зөөлрүүлж магадгүй гэсэн хөрөнгө оруулагчдын найдвартай холбоотой юм.

Үнийн хөдөлгөөн:
“Brent” маркийн газрын тосны фьючерсийн үнэ 0.87 ам.доллараар буюу 1.39%-иар өсч, баррель нь 63.60 ам.доллар болжээ. Энэ нь Баасан гарагт 3.82%-иар унаж, тавдугаар сарын 7-ноос хойших хамгийн доод түвшинд хүрсний дараах сэргэлт юм.
АНУ-ын “West Texas Intermediate (WTI)” тос баррель нь 59.77 ам.доллар болж, мөн 0.87 ам.доллараар буюу 1.48%-иар өссөн байна. Энэ нь Баасан гарагт 4.24%-иар буурч, тавдугаар сарын 7-ны доод түвшинд хүрсний дараа гарч буй өсөлт юм.
АНУ–БНХАУ-ын худалдааны зөрчил:
Өнгөрсөн долоо хоногт БНИАУ ховор элементүүдийнхээ экспортын хяналтыг өргөтгөсний дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп үүнд хариу болгож, БНХАУ-ын АНУ руу чиглэсэн экспортод 100%-ийн татвар ногдуулах болон “бүх чухал програм хангамжид” экспортын хяналт тогтоох шийдвэрийг 11-р сарын 1-нээс хэрэгжүүлэхээ мэдэгдсэн.
Эдгээр арга хэмжээ нь ирэх сард БНСУ-д болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) чуулга уулзалтын үеэр Трамп, Ши нар уулзаж болзошгүй гэсэн ярианы дунд өрнөж байна. АНУ-ын худалдааны төлөөлөгч Жамисон Гририйн хэлснээр “уулзалт энэ сард болох боломж хэвээр” гэжээ.
Зах зээлийн шинжээчдийн байр суурь:
Goldman Sachs банкны шинжээчид “Зах зээлд хамгийн чухал асуулт нь эдгээр арга хэмжээнүүд үнэхээр хэрэгжих үү, эсвэл хоёр тал APEC-ийн уулзалтын өмнөх хэлэлцээрийн тактик маягийн шахалт уу” гэж тэмдэглэжээ.
Тэдний дүгнэлтээр, “Хамгийн боломжит хувилбар бол хоёр тал нэн түрэмгий бодлогоосоо ухарч, тавдугаар сард тохирсон импортын татварын бодлогоо дахин, магадгүй тодорхойгүй хугацаагаар сунгах” гэжээ. Гэвч түр хугацаанд ч болов татвар нэмэгдэх эсвэл экспортын илүү хатуу хязгаарлалт үүсэх эрсдэл хэвээр байна.
Өмнө нь, энэ хоёр улсын худалдааны маргаан эрчимжсэн нь 3–4-р сард газрын тосны үнэ огцом унах суурь болсон билээ.
Ойрхи Дорнодын нөхцөл байдал:
Ням гарагт Дональд Трамп Газын дайн дууссаныг зарлаж, Израильд айлчлахын өмнө израилийн барьцаалагдсан хүмүүс болон палестин хоригдлуудыг суллах "эмзэг гал зогсоох хэлэлцээр"-ийг зуучилсны дараа тус улс руу мордсон байна.









