



















Өнгөрсөн долдугаар сард Жеффри Эпштейнийг насанд хүрээгүй охидыг бэлгийн мөлжлөгт татан оролцуулсан хэрэгт тусалсан хэмээн 20 жилийн ял эдэлж буй Гислейн Максвелл АНУ-ын Хууль Зүйн Яамны өндөр албан тушаалтанд өгсөн мэдүүлэгтээ өөрийнх нь мэдэхээр Жеффри Эпштейнд ямар нэгэн “Харилцагчдын жагсаалт” байгаагүй, мөн Ерөнхийлөгч Доналд Трампыг зохисгүй нөхцөл байдалд харж байгаагүй гэж мэдүүлжээ.

“Би Ерөнхийлөгчийг ямар нэг зохисгүй нөхцөлд хэзээ ч харж байгаагүй. Ерөнхийлөгч хэнд ч зохисгүй авир гаргаж байгаагүй” хэмээн Максвелл мэдүүлгийнхээ үеэр хэлсэн байна. Энэ нь АНУ-ын Ерөнхий прокурорын орлогч Тодд Бланчтэй хийсэн хоёр өдрийн уулзалтын үеэр Гислейн Максвеллийн мэдүүлгийнх нь нэг хэсэг аж.

Английн хуучинсаг уламжлалын нэртэй төлөөлөгч 63 настай Гислейн Максвелл байцаалтын үеэр Эпштейнээс ямар нэгэн бэлгийн хүчирхийлэл харж байгаагүй гэж мэдүүлээд, бусад нэр нөлөө бүхий хүмүүсийг ч холбон мэдүүлээгүй байна.
“Тэр (Эпштейн) маш ихийг дотроо хадгалдаг, бусдад хуваалцах дургүй байсан. Ядаж л надтай тийм зүйлээ хуваалцдаггүй байсан” гэж Максвелл мэдүүлжээ.

Энэ мэдүүлгийн бичлэг, бичвэрийг Хууль Зүйн Яам олон нийтэд нийтэлсэн нь Эпштейнтэй холбоотой асуулт, таамаг ид хүчээ авч буй цаг үед таарч байна. Жеффри Эпштейн нь олон нийтийн болон улс төрийн дээд хүрээний хүмүүстэй ойр нөхөрлөж байсан бөгөөд Ерөнхийлөгч Доналд Трамп Эпштейний мөрдөн байцаалтын хавтаст хэргийг нийтлэхээс татгалзсан шийдвэр гаргаснаас үүдсэн улс төрийн хямралыг намжаахыг оролдож байгаа билээ.
Гислейн Максвелл мэдүүлгээ үнэн зөв өгвөл өөрийг нь буруутгахгүй, мөн түүнд ял оногдуулахгүй гэсэн нөхцөлтэйгөөр мэдүүлсэн боловч худлаа мэдүүлсэн тохиолдолд ял шийтгэл хүлээнэ гэдгийг анхааруулжээ.
Максвелл өмнө нь 2016 оны гэрчийн мэдүүлэгтээ Эпштейний үйлдлийг мэдэхгүй гэж худлаа мэдүүлсэн нь "тангараг өргөсөн мэдүүлэгтээ худал ярьсан" (perjury) хэрэгт буруутгагдаж байсан ч 2021 онд бэлгийн мөлжлөгийн хэрэгт буруутай гэж шүүхээс тогтоосны дараа тэр хэрэг хэрэгсэхгүй болсон юм.
Түүний Манхэттэний шүүх дээр нэг сарын хугацаанд болсон шүүх хурлын үеэр дөрвөн эмэгтэй гэрч мэдүүлэг өгч, Максвелл өөрсдийг нь Эпштейнд зориулан элсүүлж, бэлгийн мөлжлөгийн зорилгоор бэлтгэсэн тухайгаа нулимстайгаар өгүүлсэн байдаг. Тэдний гурвынх нь хувьд Максвелл өөрөө ч биеэр нь хүрч, эсвэл “массаж” нэрээр үйл явдлуудад шууд оролцсон тухай мэдүүлсэн байдаг.
Жеффри Эпштейн 2019 онд бэлгийн мөлжлөгийн хэрэгт яллагдаж шүүхээр орж амжилгүй Манхэттэний шоронгийн камерт амиа хорлосон. Тэр үедээ тэрээр буруугүй гэж мэдүүлж байсан юм. Амиа хорлосон гэдэгт нийгэм итгэдэггүй.
Эпштейн нас барсан нь, түүнийг Ерөнхийлөгч Доналд Трамп болон АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Билл Клинтон зэрэг нөлөө бүхий хүмүүстэй ойр харилцаатай байснаас үүдэн олон нийтийн дунд янз бүрийн хардлага, хуйвалдааны онолыг төрүүлж, түүнийг хөнөөсөн байж магадгүй гэх таамаг дэвшүүлсээр ирсэн.
Гэхдээ өнөөг хүртэл Эпштейн болон Максвеллээс өөр хэн нэг этгээдийг энэ хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаагүй.
Бланч Максвеллээс Эпштейнд “Харилцагчдын жагсаалт” байсан эсэхийг асуухад тэр “Миний мэдэхийн ямар ч жагсаалт байгаагүй” хэмээн Максвелл хариулжээ.











