



















Бүх амьтад тэгш эрхтэй, гэхдээ гахай арай илүү эрхтэй. Жорж Оруэлл Амьтны ферм
Өнөөгийн улс төрийн бодлого, нийгмийн хэм хэмжээнд коллективистүүдийн үзэл санаа давамгайлж байна. Ардчиллаар халхавчилж, бөх амиа тээн яваа коммунизм өвгөрсөн ч өтөл санаагаа тавьсангүй. Бүх амьтад эрх тэгш гэх эв хамтач үзлээр, татвар төлөгчид баялаг бүтээгчдийнхээ халаасыг тэмтэрч, халамж хишиг нэрээр нийгмийн оюун санааг хордуулж, ховх сорох хүн сүрэг тэжээж байна. Юун хөгжил, юун дэвшил... Дунджууд амьдрах гэж биш ердөө амьд үлдэх тэмцэл л өрнөж байна.
Татвар нэмэхгүй гэсэн “гахайнууд” өөрийн сүрэгтээ ээлтэй бодлого өнгөрсөн 8 жилд хэрэгжүүлсэн. Халыг нь мэдэрсэн “бусад амьтад” өөрчилье гэсэн ч “тэжээвэр сүргийн” санал жин дарав. Дахиад л “гахайнуудын” 4 жил.
Удахгүй дээ. Тун удахгүй дундаж давхарга татвартаа сөхөрнө. Татварын дарамтад бяц дэвсүүлж байгаа юм чинь. Цаашдаа “хүн сүргийг” чинь тэжээе гээд ч хүч нь хүрэхгүй нь. Тэд тархин дээр “танц” эргэж байхад татвар төлөгчид төрд өгч болох бүхнээ барьж байна. Хүн амынх нь 76.5 хувь нь халамж авдаг. 72 төрлийн 551 халамж байдаг. Энэ аймшигтай тоо биш үү.
Гажиг тогтолцоогоо зас. Зохицуулалт хий л дээ сөрөг хүчин. Ингэж өгөөсэй гэсэндээ дундаж давхарга чинь “хүн сүргийн” дундуур чихэлдсээр дээш нь шидэж өгсөн биш бил үү? та нарыг... Дундаж давхарга бүтээсэн баялгийнхаа талыг нь төрдөө тушааж, халамжийн хэсгийг тэжээх гэж ажиллаад байна. Ингэж ажиллаж ажиллачхаад өөрсдөө ч тэтгэврээ авч амжилгүй талийж байна.
Ажил хийнэ, орлогоосоо 10 хувь татвар төлнө, хэн нэгэнд цалин өгөөд ажиллуулбал ажилтан нь 11.5 хувьажил олгогч нь 14.5 хувь нийлээд 26 хувь татвар төлж байна. НДШ-ийг татвар биш гэнэ үү? Улсад албан хүчээр төлж л байвал энэ бол татвар. Дахиад худалдан авалт бүрдээ 10 хувь.
Аливаа ажил үйлчилгээ үзүүлээд олж буй орлого ашгаас бараг 50 хувь нь татварт явчихна. Дээрээс нь малдчын НДШ-ын 50 хувийг нь төлнө. ЖДҮ-чид ААН-ынх нь бараг 90 хувь эхний жилдээ дампуурдаг гэх. Аргагүйшд. Татвар нь ийм өндөр байхад хэн бизнес хийж ЖДҮ эрхлэх юм. Дээр нь ЖДҮ дэмжих нэрээр гахайнууд нь хуваагаад залгичихна. Гишүүд нь нийлж нийгмийн даатгалын санг нь хоосортол нь цөлөмчихөөд арилж өгнө. 40 саяар л торгуулаад болоо.
Нийгмийн даатгалын хууль гэж, нийгмийн ёроол, люмпэн “хулгайчуудын” бодож олсон дундаж давхрагыг боомлих олс.
Хамгийн тогтворгүй, хамгийн өгөөжгүй, өсдөггүй, хүртээмжгүй, эрсдэлтэй систем бүрдүүлчхээд НДШ төлдөг 758 мянган хүний хөдөлмөөр нийгмийнхээ үлдсэн хэсгийг тэжээх нь шударга уу? Хүчээр ингэж тогтоовол хэр удаан барьж дийлэх вэ?
Яалт байхгүй давхар хөдөлмөр эрхлэхгүй бол амьдрах аргагүй болов. Ингээд давхар хөдөлмөр эрхлэх гэж “40” гэх кодоор кодлуулав. Гэтэл Үндсэн ажлаас гадна зэрэгцсэн ажил гүйцэтгэж байгаа ажилтны цалингаас 2024 оны хуулиар зөвхөн ТЭТГЭВРИЙН даатгалын шимтгэл төлөхөөр “хогийн” зохицуулалт хийж.
Ингэснээр даатгуулагч 2-3 өөр байгууллагаас авсан цалингаасаа давхар ЭМД-ын шимтгэл төллөө гээд ЭМДСангаас илүү үйлчилгээ авахгүй. Түүгээр ч барахгүй ажилтны гарт авах цалинг бууруулж ажил олгогчийн зардлыг өсгөж байна. Энэ бол ЭМД-ын сангийн орлогыг л бодолцсон зохицуулалт байж. Яг л НДШ нэмж Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг нөхдөг шиг. Гэтэл цахим орчинд сурталдахдаа 40 кодтой даатгуулагч ЭМДШ төлбөл илүү үйлчилгээ авах юм шиг сурталчлаад байсан бус уу. Энэ зохицуулалт нь нийгэмд өрнөөд байгаа даатгуулагчийн гарт ирэх бодит цалин өдрөөс өдөрт буурч байгаа, ажил олгогчийн зардал НДШ-ээс болоод өндөр байгаа тул ажил олгогч нь цалингаа ч нэмж чадахгүй байна. Үүнээс болоод ажилтан олдохгүй байна гэх мэт гомдлууд ч нэмэгдэх. Ажилтан ажил олгогч аль аль нь давхар давхар залхаан цээрлүүлэлтэд орж байна.
Нэмээд үндсэн ажлаас гадна зэрэгцсэн ажил гүйцэтгэж байгаа ажилтны цалингаас 2024 оны хуулиар зөвхөн ТЭТГЭВРИЙН даатгалын шимтгэл төлнө. Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах хөөрхий ээжүүдээс хүртэл шимэгчилнэ. Татвараа авах нь “нарийн” зохицуулалттай. Өгөхдөө өр лүү өшигчинө.
Хамгийн харгис нь 31-33 долоо хоногтой декрет авах ээжүүд энэ хугацаанаасаа хоцорвол декрет шууд цуцална. Хүн ямар ч шалтгаантай хоцорч болно. Яасан ч байж болно. Амьдралд юу эс тохиолдох вэ? Хоцорсон ээжүүдэд хуульд тэгж заасан гээд халгаахгүй. Хуулиар хулгай хийж, авахыг нь ховх сорж авчихаад, өгөх үедээ гэдийх юм. Татвар төлж төлчхөөд, хүн ам зүйн бодлогод чинь ч давхар үүрэг гүйцэтгэх ээжүүд бас төрөхдөө ингэж үйлээ үзэх ёстой юу? Бараг гэдсийг нь харж шалгахаас наагуур юм болж болж өгдгийг төрөх дөхсөн бүсгүйчүүд бүгд хэлээд өгнө.
Ингэж хосоо шувтруулан барин татвар төлөх ч гэх дундаж давхарга, татвар төлөгчид харууссаар. Татварын төлөгчдийн хөлс, төрийн албаны зугаа цэнгэл, талоноор тэжээлгэгчдийн хоногийн хоол болж урссаар. Тэнцвэргүй ийм тогтолцоо хэр удаан тэсэх вэ?
Төрийн мөнгө гэж байхгүй татвар төлөгчдийн мөнгө л гэж бий. Маргарет Тетчер









