



















2024 оны дөрөвдүгээр сараас Өрхийн Эрүүл мэндийн төвүүд ‘’ханиадны багц’’ буюу өдрийн эмчилгээ, үзүүлж буй. 0-5 хүртэлх насны зорилтот бүлгийн хүүхдүүдэд олгож буй энэ үйлчилгээ ханиад, томуу ихэссэн үед эмнэлгүүдийн ачааллыг бууруулах зорилготой гэх.
Өрхийн эмнэлгээсээ тусламж, үйлчилгээ авсан ч эмийн сангийн хэт үнэтэй эмийг худалдан авч чадахгүй эцэг, эхчүүд хүүхдэддээ ‘’ханиадны багц’’ -ыг үнэ төлбөргүй авах боломжтой. Энэ багцад тогтсон эм, тариа гэж байхгүй. Тухайн хүүхдийн биеийн байдал, ханиад, томууны хүнд хөнгөн байдал зэргийг нь харгалзан тохирсон эмийг өрхийн эмч бичиж өгнө. Өрхийн эмчийн олгосон ‘’ханиадны багц’’-ыг уугаад эдгэрээгүй тохиолдолд хоёр дахь удаагаа авна гэсэн ойлголт байхгүй, эмийн сангуудаас үнэтэй эм,тан авч уухаас өөр сонголтгүй. Бичиж өгсөн эм нь үр дүнгээ өгнө үү байна уу эмчид хамаагүй. Өгсөн л бол өгсөн, дахиж авах эрхгүй.
Гэтэл үнэгүй ‘’ханиадны багц’’ битгий хэл өндөр үнэтэй эм уугаад ч эдгэрэхгүй тохиолдол хэдэн зуугаараа байна. Эцэг, эхчүүд аргаа барж, авсан цалингаа эмийн сангуудын чанаргүй эм нэртэй ‘’хор’’ худалдан авахад зарцуулаад дуусаж байна гэж нийгмийн сүлжээгээр дүүрэн бухимдсан сэтгэгдэл...
80 мянган төгрөгийн ‘’ханиадны багц’’-ыг Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар /ЭМДЕГ/-аас гүйцэтгэлээр нь санхүүжүүлж буй. 2024 оны 4-10 сар хүртэл нийт 2 мянга 643 хүүхдэд 211 сая 440 мянган төгрөг олгожээ. Өрхийн эмнэлгүүд өдрийн эмчилгээний маягтаа цаг тухай бүрт нь бөглөж, дараа нь ЭМДЕГ-аас төлбөрөө нэхэмжилнэ. Нэхэмжилсэн мөнгө бүрийг нь ЭМДЕГ-аас олгодог.
Хоёрдугаар шатлалын эмнэлгүүдийн ачааллыг бууруулах зорилготой гэх. Гэхдээ өрхийн эмнэлгүүдийн удирдлагуудын санаачилсан ‘’ханиадны багц’’ үйлчилгээ энэ зорилгоо хэрэгжүүлж чадаж байна уу гэдгийг дүүргүүдийн нэгдсэн эмнэлгийн босго даваад л харагдана. Ёстой нөгөө юун ачааллыг нь хуваалцах. Эмнэлгийн тусламж үйлчилгээг шалан дээр гудас зулаад авч буй 21-р зууны Монгол Улсын иргэдэд эрүүл явах эрх алга. Зорилго нь хэрэгжих боломжгүйг ханиадны багцыг нь уугаад эдгэрсэнгүй гэж өрхийн эмнэлгийнхээ хаалгыг дахин татаж буй эцэг, эхчүүдийн халаглал ч харуулна. Гэтэл уугаад эдгэрэхгүй, дүүргийн эмнэлгүүдийн ачааллыг хуваалцдаггүй энэ явцгүй санаачилгыг санхүүжүүлсээр буйн цаана Эмийн үйлдвэрүүдийн эзэд, өрхийн эмнэлгийн удирдлагууд, түүнийг нь санхүүжүүлж буй ЭМДЕГ-ын удирдлагуудыг хардах эрх бий. Эмийн бизнес эрхлэгчдийг хүүхдүүдийн эрүүл мэндээр ‘’угжиж’’ байна. Өрхийн эмнэлгүүд хэний оруулж ирдэг, ямар үйлдвэрийн эмийг ‘’ханиадны багц’’ гэх нэр өгөөд иргэдэд олгож байна вэ?
Яагаад ‘’ханиадны багц’’-д орсон эмийг уугаад хүүхдүүд эдгэрэхгүй байна вэ? Эм нэртэй ‘’хор’’ уулгаж, үүнийг нь ямар ч хяналтгүй олгож буйг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дэмжиж, ирэх онд өдрийн эмчилгээний санхүүжилтийг 2.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон юм.









