



















АНУ-ын Төрийн департамент болон Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн хэдэн зуун дипломат ажилтнууд Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиод хандан уг агентлагийг татан буулгаж буйг эсэргүүцэн захидал илгээжээ. Тэд USAID-ийг устгаснаар АНУ-ын манлайлал, аюулгүй байдал сулрах бөгөөд БНХАУ, ОХУ-ын нөлөөнд орон зай гаргаж байна гэж үзэж байна. Энэ эсэргүүцэл нь дипломат ажилтнуудад бодлогын асуудлаар нэрээ нууцлан санал бодлоо илэрхийлэх боломж олгодог "Эсэргүүцлийн суваг"-аар дамжин илэрхийлэгдсэн байна. Тэдний захидалд Трампын засаг захиргаанаас нэгдүгээр сарын 20-нд гаргасан гадаад тусламжийг бараг бүхэлд нь зогсоосон шийдвэр нь зөвхөн АНУ-ын дипломат ажилтнууд болон цэргийн алба хаагчдын аюулгүй байдалд заналхийлээд зогсохгүй, АНУ-ын тусламжид найдаж буй дэлхий даяарх сая сая хүний амь насанд эрсдэл учруулж байна гэж онцолжээ.
700 гаруй хүн уг эсэргүүцлийн захидалд гарын үсэг зурсан гэж нэрээ нууцалсан АНУ-ын албан тушаалтан мэдэгдсэн байна.
"Гадаад тусламжийн гэрээнүүд болон төслүүдийг бодит үнэлгээгүйгээр царцаах, зогсоох шийдвэр нь бидний гол түншүүдтэй байгуулсан харилцааг доройтуулж, итгэлийг эвдэж, дайсагнагч улсуудын нөлөөг нэмэгдүүлэх нөхцөл бүрдүүлж байна" гэж уг захидалд дурдсаныг Ройтерсийнхан олж үзжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, өөрийн "America First" буюу "АНУ-г тэргүүнд" гэсэн бодлогын хүрээнд гадаад тусламжийг 90 хоногийн хугацаанд бүрэн царцаах шийдвэр нэгдүгээр сарын 20-нд гаргасан. Энэ шийдвэр "USAID"-ийн дэлхийн хэмжээнд явуулж буй үйл ажиллагааг зогсоож, хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрүүдийг хямралд оруулсан юм.
"Амь аврах тусламжийг царцааснаас үүдэн дэлхий даяар сая сая хүн эргэшгүй хохирол амссаар байна" гэж захидалд тэмдэглэсэн бөгөөд, засаг захиргаа амь аврах хөтөлбөрүүдэд хөнгөлөлт үзүүлнэ гэж мэдэгдсэн ч санхүүжилтийг бүрэн хаасан хэвээр байгаа гэж онцолжээ. Ерөнхийлөгч Трамп тус агентлагийг татан буулгах үүргийг саятан бизнесмен, зөвлөх Элон Маскт даалгасан бөгөөд энэ нь төрийн зардлыг багасгах, санхүүгийн үрэлгэн байдлыг устгах зорилготой гэж тайлбарласан байна.
"Гадаад тусламж бол зүгээр нэг буяны үйлс биш, харин бүс нутгийг тогтворжуулах, мөргөлдөөнөөс сэргийлэх, АНУ-ын ашиг сонирхлыг хамгаалах стратегийн хэрэгсэл юм" гэж захидалд дурдсан байна.
Төрийн департаментын төлөөлөгч, энэ захидлын талаар асуухад: "Бид дотоод албан харилцааны талаар тайлбар өгөхгүй" гэж хариулжээ.
АНУ нь 2023 оны санхүүгийн жилд 72 тэрбум ам.долларын гадаад тусламж олгосон бөгөөд үүнд мөргөлдөөнтэй бүс нутгуудад эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих, цэвэр усны хүртээмжийг нэмэгдүүлэх, HIV/AIDS-ийн эмчилгээ, эрчим хүчний аюулгүй байдал, авлигатай тэмцэх хөтөлбөрүүд багтсан байна.
Төрийн департаментын төлөөлөгчийн мэдээлснээр, нийт 6,200 урт хугацааны гэрээнээс 5,800-г нь (54 тэрбум ам.долларын өртөгтэй) устгах шийдвэр гаргасан нь 92%-ийн бууралт болжээ. "USAID" мянга мянган ажилтан, гэрээт ажилчдаа халсан эсвэл түр чөлөөлсөн байна.
Эсэргүүцлийн захидалд:
"Засгийн газар гэрээт байгууллагууд болон хамтран хэрэгжүүлэгч түншүүдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, төлбөрөө төлөхгүй байгаа нь ноцтой эдийн засгийн үр дагавар үүсгэж байна. Энэ нь зөвхөн АНУ-ын найдвартай байдалд сөргөөр нөлөөлөхөөс гадна, дэлхийн өрсөлдөөн ширүүсэж буй үед дотоодын эдийн засгийн өсөлтийг сулруулж байна" гэж дурджээ.
"USAID"-тай гэрээлсэн байгууллагууд өнгөрсөн сард Трампын засаг захиргааг шүүхэд өгсөн бөгөөд тухайн агентлагийг татан буулгах нь хууль бус бөгөөд өмнө нь хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг ч олгохгүй байгаа гэж мэдэгдээд байгаа юм.
АНУ-ын Дээд шүүх лхагва гарагт уг асуудлыг авч хэлэлцээд, АНУ-ын засаг захиргаа гэрээт байгууллагуудын хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг олгох ёстой гэсэн шийдвэрийг дэмжсэн байна.











