



















Хараат бусаар, иргэдийн мэдэх эрхийг хангаж ажиллуулах зорилгоор IFPIM олон улсын байгууллага Зууны мэдээ, I-Toim, NTV, Gereg&Ub.Life, Graph.mn, Lemon Press Digital гэсэн хэвлэл мэдээллийн зургаан байгууллагыг сонгон гурван жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлж буй. Төсөл хэрэгжиснээр дээрх байгууллагууд нь стратегийн зорилгодоо хүрэхэд шаардлагатай санхүүгийн болон менежментийн дэмжлэгийг олон улсын’’ Үүр төв’’, FT Strategies компаниуд олгох юм. Эдгээр хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд олон улсын сургалтад хамрагдаж, мэргэжлийн сэтгүүлч, зураглаач, редакц агуулга дээр хэрхэн ажиллах, тэнцвэртэй, олон талын эх сурвалжтай мэдээллийг яаж түгээх зэрэг мэргэжлийн ур чадвах эзэмшинэ. Түүнчлэн орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, тэдгээр дээр ажиллах ур чадварыг эзэмшүүлж байна. Ингэснээрээ хэвлэл мэдээллийн бие даасан, тогтвортой байдлыг бэхжүүлнэ гэж зорьж буй. Төслийн хүрээнд нэр бүхий зургаан байгууллага нь олон улсын байгууллагатай хамтран гурван жилийн стратеги төлөвлөгөөгөө тодорхойлжээ. Уг сан нь санхүүжилт олгож буй байгууллагуудтайгаа харилцаагаа бэхжүүлж, нийтийн эрх ашгийн төлөөх хэвлэл мэдээллийн байгууллагуудад тулгардаг бэрхшээлийг даван туулах замыг хайх, тэднийг хөгжүүлэх чиглэлд ажиллах, санхүүгийн чадамжийг дэмжихэд анхаарах юм.
Авлигын индексээрээ гурван байраар ухарсан Монгол улс хэвлэлийн хагас эрх чөлөөтэй. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол иргэний үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө юм. Монгол Улс Үндсэн хуулиндаа хэвлэн нийтлэх эрх чөлөөг хуульчилсан ч нэг нам дангаараа удаан засаглаж байгаа энэ үед хэвлэлийн эрх чөлөө улам бүр эмзэг болж байна. Манай улс дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр 17 байраар ухарч 90 дүгээрт эрэмбэлэгдсэн. Энэ бол ардчиллын суурь зарчим алдагдаж байгаагийн илэрхийлэл. Асуудлын шалтгаан нь хэвлэл мэдээллийн байгууллага ардаа санхүүжүүлэгч улс төрч эзэнтэй, тэднийхээ эрх ашгийг хамгаалж буй нь хэвлэл мэдээллийн байгууллагуудын чадавхийг улам бүр сулруулж буй. Хэвлэл мэдээлэл бол маш нарийн ур чадвар, мэдлэг шаардсан салбар. Тиймдээ ч зах зээлийнхээ жамаар хөгжих ёстой. Ингэж байж цөөн хэдэн этгээдийн эрх ашигт бус нийтийн эрх ашгийн төлөө ажиллана гэж олон улсын IFPIM ‘’Нийтийн эрх ашгийн төлөөх хэвлэл мэдээллийг дэмжих олон улсын сан’’-ийн төлөөлөгчид үзэж байна.









