




















Х.Нямбаатар Хуулийн сайдаас Хотын дарга руу буугаад байр суурь нь 360 градус эргэсэн. Тэрээр Хуулийн сайд байхдаа хулгай зэлгийд үнэхээр дургүй, “Авлигач, хулгайч” гээд ам хуурайгүй ярьдаг нэг хүнтэй байсан. Тэр нь “Бодийн”, “Голомтын” гэгддэг Д.Баясгалан байв.
Түүний талаар Х.Нямбаатар сайд 2020 оны 10 дугаар сарын 29-нд “Голомт”-ын Д.Баясгалан гэдэг хүн шуналаа тат гэж хэлмээр байна. Өөрийнхөө албан хаагчдаас УИХ-д нэр дэвшүүлж, “Таван толгой төмөр зам”-ын тендерийг тендергүйгээр авч байна. Одоо өөрийнхөө хуулийн зөвлөхийг Дээд шүүхэд зүтгүүлж байна. Энэ нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг тодоос тод зөрчиж, Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчмыг зөрчиж байгааг боль гэж хэлмээр байна. Банкны өмнөх захирлууд нь яг л түүн шиг бяр амталж байгаад их чанга унасан шүү. Голомт банкны захирал Монголын дараагийн эзэн болох гэж байгаа бол бид зүгээр харж байгаад эзэн болгочихгүй шүү” гээд сүр мэдэгдэл хийж байв.
Тэгснээ Хотын дарга болсныхоо дараа нөгөөх Д.Баясгалантайгаа нийлчихсэн. 2024 оны 10 дугаар сарын 15-нд тушаал гаргаж “Бодь”-ийн R&D төвийн дарга Т.Даваадалайг НЗД-ын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор томилсон. Тэр цагаас хойш Х.Нямбаатарын эзэн нь “Бодь”-ийн Д.Баясгалан болчихсон гэгдээд эхэлжээ.
Учир нь Т.Даваадалайгийн намтар тэр чигтээ “Бодь”-той холбоотой. “Бодь”-ийн “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” төсөл хариуцсан захирал, “Бодь”-ийн R&D төвийн дарга гээд үргэлжилнэ. Тиймээс Т.Даваадалайг “Бодь”-ийн БЭТ хотод ирлээ гэцгээсэн.
Энэ томилгооноос хойш хотын том төслүүд дээр Х.Нямбаатар “Бодь”-ийн БЭТ” хоёр хоршиж байна. Тухайлбал Т.Даваадалайг томилоод нэг сар ч өнгөрөөгүй байхад түүний төрсөн дүү Т.Мөнхдалайг "Улаанбаатар метро" төслийн удирдагчаар томилсон.
Нийслэлээс бонд босгож 300 тэрбумаар Д.Баясгалангийн “Бөөрөлжүүтийн цахилгаан станц”-д хөрөнгө оруулалт хийсэн.
44 тэрбум төгрөгийн өртөг бүхий урт цагааны бүтээн байгуулалтын ажлын тендерт Д.Баясгалангийн “Бодь пропертийз” шалгарсан. Гээд л хөвөрнө. Ирэх жилүүдэд хотод хэрэгжих олон том төсөл бий. Хоршил үргэлжилнэ гэсэн үг.








