



















АНУ-ын Флорида мужид 16 настай охинтой болзооны апп-аар танилцсан хосууд хөнөөсөн хэргээр яллагдсан байна.
Флорида мужид нэгэн хос 16 настай охиныг болзооны апп-аар хуурч дуудаад, хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь хэсэгчилж, хогийн саванд хаясан гэх хэргээр яллагдаад байна гэж эрх баригчид мэдээлэв.
Петерсбургийн цагдаагийн газар гуравдугаар сарын 7-нд Facebook хуудсаараа дамжуулан 16 настай Миранда Корсетт охины цогцсыг хогийн савнаас олсон тухай мэдэгдэл гаргав. Тэрбээр хоёрдугаар сарын 24-нд сураггүй алга болсон гэж мэдээлэгдсэн юм.
35 настай Стивен Гресс охиныг болзооны апп-аар танилцан гэртээ уриад, түүнийг 37 настай хамтрагч Мишель Брандесийн хамт хэд хоног байлгажээ. Охины эмээ нь хоёрдугаар сарын 24-нд цагдаад алга болсныг нь мэдээлсэн байна.
Петерсбургийн цагдаагийн дарга Энтони Холлоуэй хэвлэлийн бага хурал дээр мэдээлэхдээ Миранда Корсетт нь гэрээрээ сурдаг байсан бөгөөд эцэг эх нь нас барсан тул эмээтэйгээ хамт амьдардаг байжээ. Мөн тэрээр 11 сартай хүүхдийн ээж байсан аж.
Галфпорт хотын цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Мэри Фарранд хэлэхдээ:
"Миранда нь оргон зайлдаг зуршилтай байсан тул цагдаагийн газарт танил хүн. Тэрээр сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай, мөн хар тамхи хэрэглэдэг байсан. Эмээ нь ихэнхдээ буцаж ирдэг учраас үргэлж алга болсонд нь санаа зовдоггүй байсан аж. Гэхдээ энэ удаа тэр удаан хугацаанд ирээгүй тул цагдаад мэдээлэл өгчээ."
Хоёрдугаар сарын 20-нд Миранда, Гресс болон Брандес нарын хооронд алдагдсан үнэт эдлэлийн талаар маргаан гарч, түүний дараа охиныг зодож, тарчлаасан гэж цагдаа нар үзэж байна.
Холлоуэйн хэлснээр,
"20-ноос 24-ний хооронд түүнийг байнга зодож, тамласан. Учир нь тэд тэрхүү үнэт эдлэлийг олохыг хүссэн аж"
Мирандаг хоёрдугаар сарын 20-24-ний хооронд хөнөөсөн гэж цагдаа нар үзэж байна. Гресс охины цогцсыг машины ард авч яваад, Брандесийн ээжийн амьдардаг Ларго хотын байшинд аваачжээ. Тэнд охины цогцсыг хэсэгчилж, улмаар Гресс түүний үлдэгдлийг Хиллсборо тойргийн хогийн саванд хаясан байна.
Гуравдугаар сарын 6-нд хэргийг гэрч мэдээлсний дараа цагдаа нар мөрдөн байцаалтаа өргөжүүлж, Брандес гуравдугаар сарын 8-ны өглөө өөрөө бууж өгсөн ажээ.
Гресс, Брандес нарыг нэгдүгээр зэргийн хүн амины хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгаа бол Грессийг нэмэлтээр хүн хулгайлах хэрэг үйлдсэн гэж ялласан байна.
Хэрэг шалгах явцад Гресс аль хэдийнээ өөр хэргээр саатуулагдсан байсан нь тогтоогдсон. Тэрбээр гуравдугаар сарын 5-нд гэр бүлийн гишүүн рүү гар буу чиглүүлсэн, мансууруулах бодис хадгалсан гэх үндэслэлээр баривчлагдсан байжээ.
Цагдаагийн дарга Холлоуэй:
"Энэ бол үнэхээр харгис хэрцгий гэмт хэрэг. Мирандад шударга ёсыг хангахын тулд бид цаашид илүү олон ял тулгах болно" гэж мэдэгдсэн байна.











