



















"АНУ-ын Засгийн газар дэлхий даяар компьютер болон сүлжээнд хамаагүй, хяналтгүй халдлага үйлдэхэд чиглүүлж, дэмжлэг үзүүлдэг төрийн агентлагууд, мөн тэдний ашигладаг компаниуд болон хөлсний хакеруудын эсрэг тэмцлээ үргэлжлүүлэх болно. Бид энэ кибер-цэргийн экосистемийг задлах, үндэсний аюулгүй байдлаа хамгаалахын төлөө тууштай ажиллана" гэжээ.
"FBI гадаадын кибер халдлагаас Америкчуудыг хамгаалахад тууштай ажиллаж байна" гэж FBI-ийн Кибер хэлтсийн туслах захирал Брайан Ворндран хэлжээ. "Өнөөдрийн зарласан мэдээллээс харахад БНХАУ-ын Олон нийтийн аюулгүй байдлын яам (MPS) нь Хятадын Коммунист Намыг (ХКН) шүүмжилсэн Америк иргэдэд цахим хор хөнөөл учруулахын тулд хөлсний хакеруудыг ашиглаж байгааг харуулж байна. Халдлагад өртсөн бөгөөд нотлох баримт гаргаж ирсэн хохирогчдод талархал илэрхийлье. Та бүхэн манай ардчиллыг хамгаалахын тулд зоригтой алхам хийсэн. Харин ХКН-ыг хууль бус кибер үйл ажиллагаанд нь тусалж буй этгээдүүдэд хандаж хэлэхэд: эдгээр яллагдаж буй хэргүүд бид та нарыг илрүүлж, яллахын тулд бүх боломжтой арга хэрэгслийг ашиглах болно гэдгийг харуулж байна. Бид та бүхний хорлон сүйтгэх үйлдлийг илчилж, дэлхий нийтэд мэдэгдэх болно" гэсэн байна.
Шүүхийн баримт бичгүүдэд дурдсанаар, MPS болон Хятадын Улсын аюулгүй байдлын яам (MSS) нь Хятадад үйл ажиллагаа явуулдаг олон тооны хувийн компани, гэрээлэгчдийг ашиглан хакердаж, мэдээлэл хулгайлах ажиллагааг явуулсан бөгөөд ингэснээр Хятадын Засгийн газрын оролцоог далдалсан гэж үзэж буй аж. Зарим тохиолдолд MPS болон MSS нь тодорхой хохирогчдыг онилохын тулд хөлсний хакеруудыг ашигласан. Харин бусад олон тохиолдолд эдгээр хакерууд ямар ч онцгой чиглэлгүйгээр хохирогчдыг сонгон довтолсон гэжээ. Хятадын төрийн байгууллагуудын хамгаалалт дор, ашгийн төлөө ажиллаж байсан энэ сүлжээ нь эмзэг компьютерүүдийг олж, ашиглах замаар дэлхий даяар олон системийг хакердаж, улмаар мэдээллийг Хятадын Засгийн газарт шууд болон шууд бусаар худалдахыг оролдсон байна.
Үүний үр дүнд:
Дэлхий даяар илүү олон компьютер халдлагад өртсөн,
Илүү олон систем гуравдагч этгээдүүдийн халдлагад өртөх эрсдэлтэй болсон,
Хятадын Засгийн газарт огт хамааралгүй мэдээлэл хүртэл хулгайлагдаж, гуравдагч этгээдүүдэд зарагдсан ажээ.











