



















"Бүх нийт боловсролын төлөө" иргэний нийгмийн үндэсний эвсэл, "Монголын Залуучуудын Эвсэл"-ээс хаврын улиралд хүүхдээр хурдан морь унуулахыг зөвшөөрсөн Засгийн газрын шийдвэрийг цуцлахыг шаардсан цахим өргөдөл гаргаж, иргэдийн гарын үсэг цуглуулж эхэллээ.
Одоогоор uih.mn дээр байршсан тухайн өргөдлийг 946 хүн дэмжиж, цахимаар гарын үсгээ зурлаа.
Монгол Улсын Засгийн газар 2025 оны 1 сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хурдан морины уралдааныг 3 сарын 1-нээс хойш зохион байгуулах, 12-оос дээш насны хүүхдээр унуулах асуудлыг аймаг, орон нутгийн удирдлага шийдвэрлэхээр эрх шилжүүлсэн тухайгаа мэдээлсэн.
Гэтэл Засгийн газрын энэ шийдвэр нь Монгол Улсын Үндсэн Хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенц, Хүүхдийн эрхийн тухай хууль тогтоомж, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг илт, ноцтой зөрчсөн талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын хуульчдын холбоо, Монголын хүүхдийн зөвлөл, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол Улс дахь Удирдлагын баг мэдэгдэл гаргасан юм.
Иймд өргөдөл гаргагч байгууллагуудын зүгээс тухайн асуудалд хамаарах сайд, ЗГХЭГ-ын дарга, Ерөнхий сайдыг тухайн тогтоолыг дахин хянан үзэж, ёсчлон батлахгүй байхыг хүссэн өргөдлийг цахимд байршуулаад байна.
Иргэн та тухайн саналыг дэмжиж байвал 11 мянга гаруй хурдан морь унаач хүүхдийн төлөө https://www.uih.mn/petition/view/183 тус холбоосоор орж, саналаа өгч, Засгийн газраас гаргасан "бөөрөнхий" шийдвэрийг эргэн харахад оролцоорой.









