



















Даваа гарагт Каспийн тэнгисийн эрэг дээр аварга том үхсэн халим гарч иржээ. Ойролцоогоор 52 фут урттай аварга том үхсэн халим, ширгэж буй дохио өгсөн Каспийн тэнгис гарч ирсэн нь Азербайжанчуудын анхаарлыг татсан байна. Азербайжаны нийслэл Баку хотын иргэд халимыг бодит эсэхийг нүдээр үзэхээр олноор цугларчээ.
Гэвч энэ бол дэлхий нийтийн анхаарлыг “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт рүү татах зорилготой акц” байжээ. Энэ акцыг далайн амьтан хамгаалах чиглэлээр ажилладаг Бельги улсын “FINS” нийгэмлэг санаачилсан бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “СОР29” бага хурлын үеэр дэлхий нийтийн анхаарлыг татах зорилготой зохион байгуулжээ. Тус байгууллага нь Каспийн тэнгисийн эрэгт хиймэл халим гаргах зөвшөөрлийг Азербайжаны эрх баригчдаас хүссэн байна.
COP29 уур амьсгалын өөрчлөлтийн бага хурлыг даргалж буй Азербайжаны эрх баригчид санаачилгыг дэмжин хамтран ажилласан байна. Энэхүү халим COP29-ийг дуустал Каспийн тэнгисийн эрэгт байх юм. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бага хурлын үеэр дэлхий өнцөг булан бүрд идэвхтнүүд, элдэв акц зохион байгуулдаг нь энгийн үзэгдэл. Гэвч энэ удаад Каспийн тэнгисийн эрэгт гарч ирсэн үхсэн халим бодит мэт сэтгэгдэл төрүүлэхээр, ойр орчмоос нь муудсан загас үнэртэж байсан нь олны шүүмжлэлийг дагуулж байна. Мөн тус улсын иргэд байгаль хамгаалагч, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг идэвхтнүүдийг хэт “туйлшрагчид” хэмээн шүүмжилжээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг СОР29 бага хурал Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотноо 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр эхэлсэн. СОР29 бага хурлыг даргалагч Бүгд Найрамдах Азербайжан Улс 2025 он гэхэд дасан зохицох санхүүжилтийг дор хаяж хоёр дахин нэмэгдүүлэх талаар мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргахыг хөгжингүй орнуудад уриалж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулах, тэсвэртэй байдлыг бий болгох, тогтвортой туршлагыг дэмжих, нүүрстөрөгч багатай эдийн засагт шилжих бодлого, санаачилгыг хэрэгжүүлэх зэрэг асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч байна.









