




















Товч агуулга
Хаан Чарльз төрсөн дүү Эндрюгийн бүх цол хэргэмийг хураалаа.
Түүнийг Виндзор дахь ордноос нь хөөсөн байна.
Эпштэйнтэй холбоотой дуулианы дарамт нэмэгдэв.
Хааны уг шийдвэр нь угсаа залгамжлалын нэр хүндийг хамгаалахад чиглэжээ.
Их Британийн хаан Чарльз өөрийн төрсөн дүү, Жефри Эпштэйнтэй ( бэлгийн гэмт хэргээр буруутгагдаад байсан ч, шоронд байхдаа амиа хорлосон гэгддэг...) холбоотой дуулианд нэр холбогдсон Эндрюгийн бүх хэргэм зэргийг нь хурааж, Виндзор дахь ордноос хөөх шийдвэр гаргасныг Букингемийн ордон пүрэв гарагт мэдээллээ. 65 настай Эндрю нь Чарльз хааны төрсөн дүү, хожим нас барсан хатан хаан Элизабет II-ийн хоёр дахь хүү юм. Тэрээр сүүлийн жилүүдэд нас барсан "Бэлгийн гэмт хэрэгтэн" Жеффри Эпштэйнтэй холбоотой болон өөрийн ёс суртахууны асуудлаас болж эрчимтэй шахалтад орж байсан. Энэ сарын эхээр тэрбээр “Йоркийн гүн” цол хэргэмээ алдаад байв.
Хаан Чарльз энэ удаа арга хэмжээгээ улам чангатгаж, Эндрюгийн бүх цол хэргэм, хүндэт зэрэг, цэргийн болон язгууртны нэрийг нь хасч, түүнээс хойш зүгээр “Эндрю Маунтбаттен-Виндзор” хэмээн нэрлэхээр болголоо.
Букингемийн ордны мэдэгдэлд дурдсанаар Эндрюд Виндзорын цэцэрлэгт байрлах 30 өрөөтэй “Роял Лож” ордны түрээсийн эрхийг албан ёсоор хураах тухай мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд тэрбээр одоо зүүн Английн Сандрингхэмийн эдлэнд байрлах хувийн сууцруугаа нүүх юм.
Хаан өөрөө хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаа хэдий ч ийм хатуу шийдвэр гаргасан нь сүүлийн үеийн Их Британийн хааны түүхэнд дотооддоо хамгийн хатуу шийтгэл хүлээлгэж буй алхамуудын нэг боллоо гэж ажиглагчид үзэж байна.
“Тэр (Эндрю) өөрийн эсрэг буруутгаж бүх хэргийг үгүйсгэж байгаа хэдий ч, энэхүү шийтгэлүүдийг зайлшгүй шаардлагатай гэж үзсэн” хэмээн ордноос мэдэгдэв.
“Тэдний хаан суудалд заларч буй хоёр эрхэм—Хаан, Хатан хоёр—бүх төрлийн хүчирхийлэл, дарамтад өртсөн бүх хохирогч, амьд үлдэгчдийн төлөө сэтгэл зовж байна” гэж уг мэдэгдэлд өгүүлжээ.
Эндрю нэгэн цагт цэргийн албанд гавьяа байгуулж, 1980-аад оны эхээр Аргентинтай хийсэн Фолклендийн дайнд тэнгисийн офицероор оролцож байсан бөгөөд “Царайлаг, зоригтой, хунтайж” хэмээн үнэлэгдэж байв.
Гэвч тэр 2011 онд Британий худалдааны элчийн албан тушаалаасаа бууж, 2019 онд хааны бүх үүргээсээ татгалзсан бөгөөд 2022 онд бэлгийн ёс бус үйлдэлтэй холбоотой дуулианы дараа цэргийн болон хандивын бүх үүрэг хариуцлагаасаа хасагджээ.
Тухайн онд тэрбээр Виржиниа Жуффре гэх эмэгтэйтэй иргэний хэргээ шүүхийн гадуур тохиролцон шийдвэрлэсэн. Жуффре түүнийг өөрийг нь өсвөр насанд байхад бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж мэдүүлж байсан бөгөөд энэ оны 4-р сард нас баржээ. Түүний дурсамж ном саяхан хэвлэгдэн гарч, асуудлыг дахин олны анхааралд авчирсан байна.
Жуффрегийн гэр бүлээс гаргасан мэдэгдэлд “Бид Виржиниагийн тэмцлийг үргэлжлүүлнэ. Эпштэйн болон Гислейн Максвеллтэй холбоотой бүх гэмт хэрэгтэн, тэдний хамсаатнуудыг хариуцлагад татах ёстой” гэжээ.
Мөн сэтгүүлүүдэд нийтлэгдсэн 2011 оны Эндрю, Эпштэйн хоёрын хоорондын имэйл харилцаанд Эндрю “Ойр холбоотой байцгаая, удахгүй дахин уулзаж тоглоё” гэж бичсэн байсан нь ил болсны дараа дуулиан улам нэмэгджээ.
Ордны эх сурвалжийн хэлснээр, Эндрю хэргийг үгүйсгэсээр байгаа хэдий ч “Үндсэндээ ноцтой буруу шийдвэр, хандлагууд гаргасан нь тодорхой” хэмээн хаан дүгнэжээ. Энэхүү шийдвэрийг Чарльз хаан өөрөө гаргасан боловч уг шийдвэрийг хааны гэр бүлийн бусад гишүүд, тэр дундаа угсаа залгамжлагч ханхүү Уильям бүрэн дэмжсэн байна.
Виндзороос нүүлгэх шийдвэр ч онцлог ач холбогдолтой. Учир нь сүүлийн хорин жилийн хугацаанд Эндрю уг ордонд түрээс төлөөгүй, эхэндээ засварын зардал гаргасан гэж хэвлэлүүд мэдээлжээ.
Түүнчлэн Британий парламентын нэгэн хороо лхагва гарагт “Эндрю ордонд амьдрах ёс зүйн үндэс бий юу?” хэмээн албан ёсоор асуулга гаргасан нь хааны ордны асуудалд улс төрийн түвшний анхны оролцоо болсон байна.
Сүүлийн жилүүдэд олон нийтийн санал асуулгаар хааны гэр бүлд итгэх итгэл, ялангуяа залуу үеийн дэмжлэг буурч байгаа нь тогтоогджээ. Тиймээс хаан Чарльз болон түүний хүү Уильям нар уг институцийг хамгаалахыг нэн тэргүүний зорилго болгож байгаа гэж шинжээчид дүгнэжээ.
1936 онд хаан Эдуард VIII хаан ширээнд сууснаасаа ердөө нэг жилийн дараа Америкийн салсан эмэгтэйтэй гэрлэхийн тулд хаан ширээнээсээ татгалзаж байсан. Гэсэн хэдий ч түүнд “Виндзорын герцог” хэмээх нэр цолыг хадгалан үлдээсэн ч Их Британиас АНУ-руу цөлөгдсөн байдаг.
($1 = 0.7451 фунт стерлинг)










