




















Паниз Фарюссефи Иран улсын нийслэл Тегеран хотын Симфони Найрал Хөгжимийн "Вахдат" танхимд Шуберт, Сибелиус, Хачатурян нарын бүтээлүүдийг хоёр өдрийн турш удирдан тоглуулсан нь тус улсын эмэгтэйчүүдэд итгэл найдварын очийг гялалзуулжээ.
"Вахдат" танхимын тайзан дээр гарч, саваагаа атгах мөчид тэрээр найрал хөгжмийн гайхалтай тоглолтыг бус, тэгш байдлын найдварыг төлөөлж байсан юм. Түүнийг харахаар цугларсан үзэгчдийн дунд олон залуу эмэгтэй хөгжимчид байж, түүнийг харж урам зориг авч байлаа.
Шашны хэт хуучинсаг үзэлтэй Исламын Бүгд Найрамдах Иран Улсад эмэгтэйчүүдийг мэргэжлийн болон соёлын амьдралд, ялангуяа холимог хүйст (эрэгтэй, эмэгтэй үзэгчид хамт сууж үзэх ҮГ.МН) үзэгчдийн өмнө тайзан дээр уран бүтээлээ үзүүлэхэд хатуу хязгаарлалт тогтоодог нь хэвээр байна. Жишээлбэл, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн өмнө дангаар дуулж, бүжиглэж болдоггүй.
Өдгөө 42 настай Фарюссефи шиг найрал хөгжим удирдах боломжтой болжээ.

“Тайзан дээр гарахад бүх харц над руу чиглэж буйг мэдэрсэн. Би асар их хариуцлага хүлээсэн,” гэж тэр тоглолтын дараа 'Aссошиейтэд Пресс Агентлагт' өгсөн ярилцлагадаа дурьджээ.
Иранд 2022 онд 'хатуу' хувцаслалтын дүрэм зөрчсөн хэмээн баривчлагдаж, нас барсан бүсгүйн хэрэгтэй холбоотойгоор хэдэн сарын турш өргөн хэмжээний эсэргүүцлийн жагсаал өрнөсөн. Тэр үеэс хойш засгийн газар зарим хязгаарлалтыг сулруулж, нийгмийн болон соёлын зарим салбарт залуу эмэгтэйчүүд илүү тодорч эхэлсэн юм.
Мөн энэ оны эхээр Израильтай 12 хоног хийсэн, дайны дараа иранчууд нийгмийн хил хязгаарыг улам анхаарч байгаа аж.
Шинжээчдийн хэлснээр эрх баригчид илүү тэвчээртэй ханддаг болсон ч улс төрийн эсэргүүцлийн шинж тэмдгийг хянан ажиглах нь хэвээр байна.
Тоглолт үзэж байсан зарим эмэгтэйчүүд толгойн алчуур зүүгээгүй байв. Удирдаач өөрөө хуулийн дагуу үсээ далдлах алчуур зүүсэн ч түүний тайзан дээрх байдал нь илүү нээлттэй байдлын илэрхийлэл байлаа.
Залуу эмэгтэйчүүд энэ түүхэн мөчийг үзэж буйгаа мэдэрч, баяр хөөртэй байсан нь үзэгчдийн дунд ажиглагджээ.
Ираны зарим хотод эмэгтэй хөгжимчид тайзан дээр тоглохыг хориглодог бөгөөд нийслэл Тегеранд хүртэл эмэгтэй уран бүтээлч олон нийтийн өмнө дуу хоолойгоо өргөн, дуулж болдоггүй.
Фарюссефи урлагийн гэр бүлд төрсөн бөгөөд түүний ээж түүнийг удирдаач болгохыг мөрөөддөг байжээ. Гэвч Ираны урлагийн академиудад удирдаач мэргэжлийг албан ёсоор заадаггүй. Тэр Армени улсад удирдаачаар суралцаад эх нутагтаа эргэн ирж өөрийн анхдагчийн замналаа ийнхүү эхэллээ.
“Залуу эмэгтэйчүүд мөрөөдлөө дагаж, тууштай байх хэрэгтэй,” гэж тэр хэлсэн.
Тэрээр тайзан дээр Австрийн хөгжмийн зохиолч Франц Шуберт, Финландын хөгжмийн зохиолч Жан Сибелиус, Зөвлөлт-Арменийн хөгжмийн зохиолч Арам Хачатурян ( Социализмийн үед хийгдсэн олон алдартай киноны хөгжмийг бичсэн ҮГ.МН) нарын бүтээлүүдийг тоглосон 50 хүний бүрэлдэхүүнтэй найрал хөгжмийг удирдсан юм.
“Энэ нь залуу иран эмэгтэйчүүд шинэ үеийг эхлүүлж, тэд айх хэрэггүй гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна” хэмээн хэлжээ. “Энэ бол эрх чөлөөний цорын ганц хаалга.”
Түүний найз нь үзэгчдийн дунд нэгэн бяцхан охин Фарюссефиг дуурайж гараа хөдөлгөж байсныг харсан байна. “Тэр охины дотор нэг мөрөөдөл соёолж эхэлж байгааг би харсан — магадгүй нэг өдөр өөрөө ч удирдаач болж болох юм гэж бодсон байх.”
Тоглолт хоёр өдөр үргэлжилж, олон үзэгчдийг татсан байна.
Сайд Шураби (53 настай), металл боловсруулалтын салбарт ажилладаг тэрбээр анх удаа ийм тоглолт үзсэн нь охиных нь шахалт байсан аж. “Иранд эмэгтэйчүүд үргэлж хязгаарлагдаж, авьяасаа бүрэн илэрхийлэх боломжгүй байсан. Тэд эрчүүдээс дутахгүй чадвартай гэдэгт би итгэдэг,” гэж тэр хэллээ.
Үсчин Фариба Агайи (44 настай) эмэгтэй хүн найрал хөгжим удирдахад маш их баярласан бөгөөд эмэгтэй дуучид одоо хүртэл тайзан дээр дуулах, өөрийн дуу бичлэгээ олон нийтэд хүргэх эрхгүй байгаад харамсдаг аж.
“Тэд өөрсдийгөө багаар бодож болохгүй, юу ч хийж чадна гэдгээ мэдэх ёстой,” гэж тэр хэлсэн.










