



















Исланд улс ажлын дөрвөн хоногтой болсны дараа эдийн засгийн өсөлт нь Европын ижил түвшний эдийн засагтай улсуудаас илүү гарчээ. Цалин бууруулахгүйгээр ажлын дөрвөн өдөрт шилжсэнээр иргэдийн ажлын бүтээмж нэмэгдэж, ажилгүйдлийн түвшин мэдэгдэхүйц буурчээ. 2015-2019 онд Исланд улсын төрийн байгууллагуудын ажилтнуудыг ажлын дөрвөн өдөртэй долоо хоногт шилжүүлэх туршилт явуулсан нь санаанд оромгүй үр дүн авчирсан. Хөдөлмөрийн бүтээмж урьдын хэвээр хадгалагдсан төдийгүй ажилтнуудын стресс бухимдал багасаж, өмнөхөөсөө илүү аз жаргалтай, сэтгэл ханамжтай болжээ. 2020-2022 оны хооронд Исландын ажиллах хүчний 51 хувь нь дөрвөн ажлын өдөртэй долоо хоногт шилжсэн. Одоо энэ хувь илүү өссөн. Өнгөрсөн онд Исландын эдийн засаг таван хувиар өссөн нь Европын чинээлэг орнуудаас Мальтын дараа орох үзүүлэлт.
Ажлын цөөхөн өдөртэй болох туршилтыг АНУ, Ирландад бүртгэлтэй 33 компанид 2022 онд хийжээ. Үр дүн нь маш эерэг гарсан
Ажлын таван өдрөөс дөрвөн өдөртэй долоо хоногт шилжих нь зөв эсэх талаарх мэтгэлцээн дэлхийн олон оронд өрнөж байна. Ялангуяа ажлын дөрвөн өдөрт шилжих нь зүйтэй гэсэн хандлага барууны өндөр хөгжилтэй орнуудад хүчээ авсан. Барууны хэд хэдэн компани долоо хоногт гурван өдөр амрах боломжийг ажилтнууддаа олгож эхэлсэн нь өндөр үр дүнтэй байна. БНСУ-д долоо хоногийн 68 цаг ажиллах журам гарсны дараа залуучууд дургүйцлээ илэрхийлж, ажил, амьдралын тэнцвэр алдагдсан тухай шүүмжлэл хүчтэй өрнөсөн. Үүнээс болж ажлын дөрвөн хоногт шилжих эсвэл бага цагтай таван өдөр ажиллах гэсэн хоёр туршилт хэрэгжүүлсэн нь мөн л амжилттай болж, ажлаас халшрах мэдрэмж арилж, ажилтнуудын сэтгэл санаа өөдрөг болжээ.
Манайх шиг долоо хоногт 40-60 цаг ажиллуулдаг, нийгмийн стресс ихтэй улсад уг туршилт үр дүнгээ өгч магадгүй гэж үзэх хүмүүс цөөнгүй. Сүүлийн үед ажлын дөрвөн өдөрт шилжүүлэх туршилтыг ганц нэгхэн хувийн хэвшил хэрэгжүүлж буй. Гэхдээ сонгодог хувилбараар нь хэрэгжүүлж чадахгүй байна. Ажлын дөрвөн өдөр ажлын байран дээрээ ажиллах ёстой гэдэг шаардлага тавьж, ажлын тав дахь өдрийг онлайн хэлбэрт шилжүүлэн ажиллуудаг. Үүнийгээ ажлын дөрвөн өдөртэй болсон гэж эндүүрч болохгүй. Тиймдээ ч бусад улс орнуудад хэрэгжүүлж, амжилт олсон хувилбар биш юм. Ажлын байран дээрээ дөрвөн өдөр, онлайнаар нэг өдөр ажиллуулах нь төсөөлж байсан үр дүн авчрах боломжгүй.











