



















Израилийн зэвсэгт хүчин Исламын Бүгд Найрамдах Иран Улсаас Израилийг чиглэн пуужин харвасан болохыг илрүүлсэн тухай анхааруулга өгч, хариу арга хэмжээ авахад бэлэн байгаагаа мэдэгдлээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израиль, Ираны хоорондох хэд хоногийн цус асгаруулсан агаарын бөмбөгдөлтүүдийг зогсоох гэрээ хүчин төгөлдөр болсныг зарласнаас хэдхэн цагийн дараа хийж буй мэдэгдэл юм.

Израилийн Батлан хамгаалахын сайд Исраэль Кац Ираны пуужингийн довтолгоог “Гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн үйлдэл” хэмээн нэрлэж, цэргийнхэнд “Хүчтэй хариу цохилт өгөх” тушаал өгснөө мэдэгдэв. Тэрбээр Израилийн хариу арга хэмжээ нь “Тегераны дэглэмийн эсрэг хүчтэй цохилт” байх болно гэв.
Ираны төрийн мэдлийн телевизээр мэдээлж буйгаар, гал зогсоох гэрээ хүчин төгөлдөр болсны дараа Израиль руу халдсан гэх мэдээллийг “Үгүйсгэж” буй юм.
Өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Израиль, Ираны хооронд гал зогсоох хэлэлцээр “Одоо хүчин төгөлдөр болсон” хэмээн мэдэгдэж, хоёр тал хоёулаа үүнийг зөрчих ёсгүй гэсэн байр суурь илэрхийлсэн. Энэ нь 12 өдрийн турш үргэлжилсэн мөргөлдөөн эцэслэх найдлагыг төрүүлж байсан юм.
Трампын мэдэгдлээр бол гал зогсоох нь шат дараалалтай хэрэгжих бөгөөд зарим цэргийн ажиллагаа бүрэн дуусахыг зөвшөөрсөн гэж ойлгогдож байна. Ройтерс агентлаг Израилийн түргэн тусламжийн албанаас иш татан мэдээлснээр, мягмар гарагт Иранаас харвасан пуужингийн довтолгооны улмаас Израильд дөрвөн хүн амиа алдсан ажээ. Харин Тегеран Израилийн хойд Иранд хийсэн агаарын цохилтоор есөн хүн амиа алдсан гэж мэдээлсэн.
Израиль болон АНУ нь Ираны цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрийг зогсоох зорилготой ажиллагааг хамтран явуулсан бөгөөд Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху энэхүү ажиллагаа зорилгодоо хүрсэн гэж мэдэгдэн, хүчирхийллийг зогсоохыг зөвшөөрсөн байна.
Харин Иран цөмийн хөтөлбөр нь энхийн зориулалттай гэж мэдэгдсээх байгаа юм.
Гэсэн хэдий ч гал зогсоох тохиролцоо хэр удаан үргэлжлэх талаар эргэлзээ хэвээр байна. Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи мөн цаашид өдөөн хатгалгаас зайлсхийвэл хариу цохилт өгөхгүй гэсэн ч, Израилийн шинэ довтолгоонд бэлэн хэмээн мэдэгдсэн. Энэ нь Нетаньяхугийн мэдэгдэлтэй адилаар харилцан хариу үйлдэл үзүүлэх байр сууриа илэрхийлсэн үйлдэл юм.
Газрын тосны үнэ гал зогсоох хэлэлцээрийн дараа огцом унасан ч, гэрээ үргэлжлэх эсэх талаархи эргэлзээнээс болж уналтын хэмжээ бага зэрэг буурсан.
Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр АНУ-ын Ираны цөмийн байгууламжууд руу цохилт өгсний хариуд Тегеран Катарт байрлах Америкийн цэргийн бааз руу цохилт өгсөн нь даваа гарагт нефтийн үнийг огцом унагаахад хүргэсэн юм. Катарт байрлах бааз руу өгсөн уг цохилтоор хүний амь эрсдээгүй бөгөөд энэ нь ихэвчлэн бэлгэдлийн шинж чанартай, хурцадмал байдлыг намжаах дохио гэж худалдаачид үзсэн байна.











