



















АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны цагаачлалын бодлогын нэгэн томоохон маргааны төв болсон Палестин идэвхтэн, Колумбийн их сургуулийн оюутан Махмуд Халилийг баривчилсан асуудал холбооны шүүх дээр үргэлжилж байна. Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэг дэх Холбооны шүүгч Жэсси Фурман Даваа гарагт Халилийг АНУ-аас албадан гаргахыг түр хугацаагаар хориглосон бөгөөд Лхагва гарагт шүүх хурал хийхээр товлосон. Шүүгч Фурман АНУ-ын засаг захиргааны өмгөөлөгчдөөс Мягмар гарагийн үдээс өмнө хэрхэх талаар саналаа ирүүлэхийг шаарджээ.
Халилийг өнгөрсөн Бямба гарагт АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны (DHS) төлөөлөгчид баривчилсан бөгөөд энэ нь Ерөнхийлөгч Трампын Палестиныг дэмжигч жагсаалд оролцсон гадаад оюутнуудыг АНУ-аас хөөх амлалтаа хэрэгжүүлж буй анхны тохиолдлуудын нэг гэж үзэж байна.
Халил Колумбийн их сургуулийн идэвхтэй тэмцэгч байсан ба 2023 оны аравдугаар сард "Хамас" бүлэг Израиль руу халдсаны дараа Израиль дайнд орсонтой холбогдуулан тус сургууль хамгийн том эсэргүүцлийн жагсаалуудын нэгийг зохион байгуулсан билээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн нийгмийн сүлжээнд Халилийг "Хамасыг дэмжигч радикал гадаад оюутан" хэмээн нэрлэж, цаашид ч баривчилгаа үргэлжилнэ гэж мэдэгдсэн.
Нью-Йорк хотод эсэргүүцлийн жагсаал өрнөж, АНУ-ын Иргэний эрх чөлөөний холбоо (ACLU), Нью-Йоркийн Ерөнхий прокурор зэрэг байгууллагууд түүнийг баривчилсныг үг хэлэх эрх чөлөөнд халдсан хэрэг гэж үзэн эсэргүүцэж байна. Даваа гарагт Манхэттэн хотын төвд жагсагчид болон цагдаа нар мөргөлдөж, дор хаяж нэг хүнийг баривчилсан гэж Ройтерс агентлаг мэдээллээ.
Халилийн өмгөөлөгчдийн хэлснээр, DHS-ийн төлөөлөгчид түүнийг орон сууцных нь гадаа баривчлахдаа оюутны визийг нь цуцалсан аж. Гэтэл түүний найман сартай жирэмсэн эхнэр нь нөхөр нь байнгын оршин суух зөвшөөрөлтэй (ногоон карттай) гэж хэлэхэд, албаныхан түүний ногоон картыг ч бас хүчингүй болгосон гэж мэдэгдсэн байна.
АНУ-ын ногоон карт нь тухайн хүнийг байнга оршин суух эрхтэй болгож, Үндсэн хуулийн хамгаалалтад хамруулдаг бөгөөд үүнд Үндсэн хуулийн Нэгдүгээр нэмэлт заалтын дагуу үг хэлэх эрх чөлөө ч хамаардаг.
Халилийн өмгөөлөгчид Манхэттэний холбооны шүүхэд түүнийг хууль бусаар хорьж байгаа талаар "Habeas corpus" өргөдөл гаргажээ. Тэдний тайлбарласнаар, Халилийг Колумбийн Их Сургуульд болсон жагсаалд оролцсоны төлөө буюу улс төрийн үг хэлэх эрхийнх нь төлөө өшөө аван баривчилсан тул энэ нь хууль бус гэжээ.
Мөн өмгөөлөгчид Халилийг Нью-Йорк руу буцаахыг шүүгчээс хүссэн байна. Учир нь Халилийг өмгөөлөгчидтэй нь холбоо барих боломжийг нь хязгаарлах үүднээс Луизиана муж дахь цагаачдын холбооны хорих газарт шилжүүлсэн гэж үзэж байгаа ажээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Ням гарагт "Хамасыг дэмжигч" хүмүүсийн виз, ногоон картыг цуцалж, улсаас хөөнө гэж мэдэгдсэн.
Гэвч цагаачлалын хуулийн мэргэжилтнүүдийн хэлснээр, ногоон картыг хүчингүй болгохын тулд тухайн хүн хүнд гэмт хэрэгт холбогдож, шүүхээр ял шийтгүүлсэн байх ёстой. Гэтэл Халилийг ямар ч гэмт хэрэгт буруутгаагүй байгаа.









