



















Украины зэвсэгт хүчний хуучин командлагч, одоогийн Их Британи дахь элчин сайд Валерий Залужный пүрэв гарагт АНУ-ыг дэлхийн одоогийн дэг журмыг "устгаж байна" гэж мэдэгдлээ. Ерөнхийлөгч Володимир Зеленский Вашингтонтой харилцаагаа сайжруулахаар хичээж байгаа үед ОХУ-ын бүрэн хэмжээний дайралтын эхний хоёр жилд Украины батлан хамгаалах ажиллагааг удирдаж байсан алдартай генерал ийнхүү мэдэгддээ. Энэ нь Володимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Цагаан ордонд хурцхан маргаан хийсний дараах үйл явдал юм.
Залужный хэлэхдээ, Украин тусгаар тогтнолоо хадгалж үлдсэн нь "Найзуудын зүгээс ирж буй дайсагнал, сүрдүүлгийн" эсрэг зогсож чадсаны үр дүн гэжээ.
Лондоны “Chatham House” судалгааны төвд үг хэлэхдээ тэрбээр Трамп Украинд үзүүлэх цэргийн тусламж, тагнуулын мэдээлэл хуваалцах ажиллагааг царцааж, Киевийг Оростой энхийн хэлэлцээ хийхийг шахаж, ямар нэг аюулгүй байдлын баталгаа олгохоос татгалзсан талаар онцлон дурдсан байна.
"Цагаан ордон Барууны ертөнцийн нэгдмэл байдлыг эргэлзээнд оруулж байна гэдэг нь илэрхий боллоо" гэж Залужный хэлээд, "Дэлхийн дэг журмыг зөвхөн Орос болон муу санаатнууд өөрчлөх гэж оролдож буй биш, харин АНУ эцэстээ энэ дэг журмыг устгаж байна" гэж нэмэн тэмдэглэжээ.
Пүрэв гарагт Европын удирдагчид Украинтай хамт байх болно гэдгээ баталж, Оростой нүүр тулан зогсохын тулд батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэхээ мэдэгдсэн. Гэвч АНУ Украинд туслах гол түнш байсаар ирсэн бөгөөд тус улсын тагнуулын мэдээлэл, зэвсэг, санхүүгийн дэмжлэг нь Киевт нэн чухал юм.
Украинд өргөн хүрээний дэмжлэгтэй Залужныйг ирээдүйд Зеленскийн өрсөлдөгч болж магадгүй гэж үздэг ч тэрбээр улс төрд өрсөлдөх тодорхой хүсэл зорилгоо илэрхийлээгүй байна.
Одоогоор Украинд дайны байдал зарласан тул сонгууль явуулахыг хориглосон хэвээр байгаа. Энэ байдал 2022 оны хоёрдугаар сард Орос бүрэн хэмжээний довтолгоогоо эхлүүлснээс хойш үргэлжилж буй юм. Зеленский өнгөрсөн жил Залужныйг зэвсэгт хүчний командлагчаар солих шийдвэр гаргасан. Тухайн үед Украины арми байлдааны талбарт амжилтгүй ажиллагаа явуулж байсан бөгөөд одоо Оросын цэргүүд Украины нийт нутаг дэвсгэрийн 20 орчим хувийг эзэлж, зүүн хэсэгт аажмаар урагшилсаар байна.
Залужный нэмж хэлэхдээ, Украин аюулгүй байдлын баталгаа авах ёстой бөгөөд "Ямар нэгэн хэлэлцээнд наймааны хэрэгсэл болохоос зайлсхийх ёстой" гэж онцолжээ.









