



















Жефф Безос, Лорен Санчез нар Венецид хүрэлцэн ирлээ —дээд зэрэглэлийн хурим болно.
"Amazon" компани болон "Blue Origin" компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос, түүний сүйт бүсгүй, сэтгүүлч, зохиолч, нисдэг тэрэгний нисгэгч Лорен Санчез нар Итали улсын Венец хотод хуримаа хийхээр хүрэлцэн ирлээ.

Лхагва гарагт хосууд Венецийн зочид буудалд завиар ирж буй зураг нийтлэгдсэн байна. Хурим энэ долоо хоногт болох төлөвтэй байгаа бөгөөд ойрын хамаатан, найз нөхөд нь оролцох олон өдрийн арга хэмжээ болох аж.
Жефф Безос, Лорен Санчез нар 2023 онд сүй тавиахаасаа өмнө тав орчим жил үерхжээ.

ABC News нь хуримын урилгын хэсгийг онцгой эрхтэйгээр олж авсан байна. Урилга тавдугаар сард илгээгдсэн бөгөөд зочдоос ямар нэгэн бэлэг өгөхөөс татгалзажээ. Оронд нь хосуудын нэрийн өмнөөс Венецийн гурван буяны байгууллагад хандив өгөх боломжийг санал болгосон байна.

Хуримын нарийн тов олон нийтэд ил болоогүй. Харин хэвлэлүүдийн мэдээлснээр 6-р сарын 26–28-ны хооронд болж болзошгүй байна.
Хосууд Италийн Венето мужийн нийслэл болох Венец хотод хуримаа хийх боловч яг аль байршилд болох нь мөн тодорхойгүй байгаа.
Безос, Санчез нар хуримын зохион байгуулалтад Венецийн орон нутгийн үйлчилгээ үзүүлэгчдийн 80 орчим хувийг сонгосон аж. Тэдний дунд 140 гаруй жилийн түүхтэй "Rosa Salva" нарийн боовны газар, алдарт "Мурано" шил үйлдвэрлэлээрээ танигдсан "Laguna B" гэх мэт байгууллагууд багтжээ.
Тус хурим зарим оршин суугчид болон "Greenpeace" зэрэг байгууллагуудын эсэргүүцэлтэй тулгарсан. “No Space for Bezos” нэртэй эсэргүүцлийн хөдөлгөөн нь жуулчлалын хэт ачаалал, өдөр тутмын амьдралд нь хүндрэл учруулна гэдгээс үүдэлтэй аж.
"Greenpeace"-ийн “Хэрвээ чи Венец хотыг хуримд зориулж түрээслэж чадаж байвал илүү их татвар төлөх ёстой” гэх утгатай хулсан дээрх уриа олны анхаарлыг татжээ. Нутгийн иргэн Симона Аббате: “Бидний хувьд нэг тэрбумтан өөрийн таашаалд зориулж бүхэл бүтэн хотыг түрээслэх нь буруу гэж бодож байна” хэмээн Reuters-д ярьжээ.
Гэсэн хэдий ч Венецийн хотын дарга уг хуримыг дэмжиж, “Жефф Безос, Лорен Санчез болон зочдыг хүлээн авч байгаадаа бид маш их бахархаж байна” гэсэн байна.
Хуримын зохион байгуулагчид болох "Lanza and Baucina" компани нь өмнө нь Жорж болон Амал Клүүни нарын хуримыг ч зохион байгуулж байжээ. Тэд
“Эхнээсээ л үйлчлүүлэгчийн хүсэлт болон бидний зарчим нэг байсан. Тэр нь хотод үзүүлэх аливаа хүндрэл, дарамтыг багасгах, оршин суугчид болон байгууллагуудад хүндэтгэлтэй хандах, орон нутгийн хүмүүсийг ажлын байраар хангах явдал байсан.”
200 орчим зочин дунд Опра Уинфри, Мик Жаггер, Леонардо Ди Каприо, дуучин Кэти Перри нарын алдартнууд уригджээ. (Кэти Перри нь өнгөрсөн 4-р сард "Blue Origin"-ийн нислэгт Лорен Санчезийн хамтаар оролцсон юм.)
Мөн Кардашьяны гэр бүлээс Крис Женнер, Ким Кардашьян, жүжигчин Ева Лонгориа зэрэг хүмүүс оролцох магадлалтай. Тэд Лорен Санчезийн Парист болсон найр наадмын үеэр мөн оролцож байсан.











