



















Бүх оддын завсарлагааны дараа “Лос Анжелес Лэйкерс” анхны тоглолтоо “Шарлотт Хорнетс”-тэй хийсэн ч хүндхэн шөнийг өнгөрүүллээ. Лэйкерсийн тоглолт тун зэвэрсэн харагдаж, ялангуяа Лука Дончич тааруу тоглосноор баг нь 97-100 харьцаатай ялагдал хүлээв.
Леброн Жэймс гайхалтай тоглолт үзүүлж, 26 оноо (10-22 шидэлт), 7 самбар, 11 дамжуулалт гүйцэтгэсэн ч баг нь Дончичийн муу тоглолтыг нөхөж чадсангүй. Дончич ердөө 14 оноо (5-18 шидэлт), 11 самбар, 8 дамжуулалт хийсэн. Рүй Хачимура чухал мөчид хоёр чөлөөт шидэлт алдсан ч 17 оноо (7-16 шидэлт), 8 самбараар боломжийн тоглолт үзүүлэв. Харин Остин Рийвз гуравдугаар үед 8 оноо (3-9 шидэлт) авсны дараа талбайгаас хөөгджээ.
Фенүүд энэ ялагдалд болон Дончичийн Лейкерсийн өмсгөлтэй тоглож буй байдалд сэтгэл дундуур байна. “Юта Жазз болон Шарлотт Хорнетст дараалан ялагдах гэж галзуу юмаа. Лука илүү төвлөрөх хэрэгтэй," хэмээн нэгэн фен үзэл бодлоо илэрхийлэв.
"Лука, Кайри хоёр тохирох гэж бараг бүтэн улирал зарцуулсан. Тэгэхэд Кайри бол хамгийн дасан зохицох чадвартай, олон талын тоглогчдын нэг. Лукад Лос Анжелост дасан зохицох хугацаа илүү их шаардагдаж магадгүй, энэ бүхэн түүнд харьцангуй шинэ," гэж өөр нэгэн фен тайлбарлав.
"Жинхэнэ Лукачийг 10 орчим тоглолт хийснийх нь дараа л харах болно. Түүнд жаахан хугацаа өг," гэж өөр нэгэн фен хүлээцтэй хандахыг уриаллаа.
"Леброн, Лука хоёр гайхалтай хослол ч гэсэн улирлын дундуур шинэ од нэмж авсан багууд үр дүнгээ гаргахад ихэвчлэн бүтэн зуны чөлөөт агентын үе хэрэгтэй болдог. Лос -Анжелос ирэх жил зөв тоглогчдыг элсүүлбэл аварга болох боломжтой, энэ улиралд тийм түвшинд хүлээлт үүсгэх хэрэггүй," гэж нэгэн фен дүгнэлээ.
"Леброн 40 насандаа тоглолтыг авч явж байна. Бид дахиж ийм тоглогч үзэхгүй байх," хэмээн өөр нэгэн фен Лебронд хүндэтгэл үзүүллээ.
"Хүмүүс Ламело Боллыг Тижуан Салунетэй хамт талбайд байхад нь хараад түүнийг муу тоглогч гэж хэлэх зүрх гаргадаг юм уу?" хэмээн нэгэн фен Ламелог хамгаалав.
Хорнетсийн хувьд Майлс Брижес 29 оноо (9/22 шидэлт), 6 самбар, 5 бөмбөг таслалт хийж, багаа тэргүүлэв. Ламело Болл 27 оноо (9/19 шидэлт), 5 самбар, 6 дамжуулалт гүйцэтгэж, мөн тоглолтын хожигч шидэлтийг амжилттай гүйцэтгэлээ. Марк Уильямс 10 оноо, 9 самбар авч, Лейкерст наймаалагдахаар төлөвлөж байсан ч бүтэлгүйтсэнээс хойшхи анхны тоглолтоо хийв.
Энэ нь Лейкерсийн хувьд маш хүнд ялагдал байлаа. Тэд дорнод бүсийн 14-р байранд яваа багт хожигдсоноос гадна баруун бүсийн 14-р багт ч мөн ялагдал хүлээсэн. Одоогоор тэд 32-21 гэсэн амжилттай байгаа бөгөөд өрнөд бүсийн 4-р байранд бичигдэж буй Хьюстон Рокетсоос бүтэн тоглолтын зайтай хоцорч байна.
Лука Дончич Лейкерсийн бүрэлдэхүүнд гурван тоглолтод дунджаар 14.7 оноо, 6.7 самбар, 5.3 дамжуулалт өгч байгаа бөгөөд фенүүд түүний үзүүлэлтэд санаа зовж эхэлжээ. Тэрээр ердийнхөөсөө муу тоглож байгаа тул Лейкерст бүрэн дасан зохицохын тулд хэдэн тоглолт хийх шаардлагатай болж магадгүй юм.










