



















Умард Македоны Кочани хотын шөнийн цэнгээний газарт гарсан гал түймрийн улмаас 51 хүн амиа алдаж, 100 гаруй хүн гэмтжээ
Умард Македоны Кочани хотын "Pulse" нэртэй шөнийн клубт гал гарч, хамгийн багадаа 51 хүн амиа алдаж, 100 гаруй хүн гэмтсэн тухай тус улсын Дотоод хэргийн сайд Панче Тошковски мэдэгдлээ.
МАК-ийн (Умард Македон улсын агентлаг) мэдээлснээр, ослын улмаас шархадсан 118 хүнийг тус улсын эмнэлгүүдэд хүргэн эмчилж байна. Хууль зүйн сайд Игор Филков “Энэ эмгэнэлт явдалд холбогдолтой бүх хүнийг хариуцлагад татна” гэжээ.
Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр, гал "Pulse" шөнийн клубт гарсан байна. Клубийн хамгаалалтын бичлэгт "хамтлаг" тайзан дээр дуулж байх үеэр пиротехникийн төхөөрөмжөөс оч үсрэн тааз хүрч, аажмаар гал гарч байгаа нь бичигджээ.
МАК-ийн мэдээлснээр, цагдаа нар клубын эзэмшигчийг Ням гарагийн өглөө баривчилсан байна.
Түймрийн улмаас клубын дээвэр ноцтой шатсан зургуудыг олон нийтийн сүлжээнд тавигджээ.
Хохирогчдын найз нөхөд, гэр бүлүүд эмнэлгийн гадаа цугларсан зурагнууд ч нийтлэгдсэн байна.
Умард Македоны Ерөнхий сайд Христижан Мицкоски
“Өнөөдөр үнэхээр хүнд, гунигтай өдөр байна. Ийм олон залуусын амь нас эрсэдсэн нь нөхөж баршгүй гарз. Хайртай дотны хүмүүсээ алдсан бүх хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье” хэмээн "X" (хуучнаар Twitter)-д бичжээ.
Мөн тухайн үдэш клубт DNK нэртэй Македон хамтлаг тоглож байсан болохыг тус хамтлаг өөрсдийн Instagram хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Европын Холбооны Зөвлөлийн Ерөнхийлөгч Антонио Коста тэргүүтэй Европын Холбоонд багтдаг улсуудын удирдагчид эмгэнэл илэрхийлжээ.
АНУ-аас Умард Македонд суугаа Элчин сайд Анжела Агелер мөн "X"-т “Энэ эмгэнэлт явдлын хохирогчдод миний сэтгэл өвдөж байна. АНУ-ын Элчин сайдын яам тусламж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн” хэмээжээ.









