



















Испанийн телевизийн мэдээлж буйгаар, Мароккогоос Испанийн Хойд Африк дахь Сеута хэмээх эксклав (Испанийн газар нутаг боловч тус улстай хил залгадаггүй тусдаа оршдог нутгийг хэлдэг) -руу манантай үеэр дор хаяж 54 хүүхэд, ойролцоогоор 30 насанд хүрсэн хүн сэлж хүрчээ.
Испанийн "RTVE" телевизийн нэвтрүүлсэн бичлэгт Иргэний хамгаалалтын хөлгүүд сэлэгчдийг аврахын тулд дахин дахин оролдлого хийж буй нь гарсан бөгөөд зарим хүмүүс өөрсдөө сэлж Сеутад хүрч чадсан байна.

Эдгээр хүүхэд, насанд хүрэгчдийн ихэнх нь марокко гаралтай байсан бөгөөд тэднийг Сеутад байдаг түр байрлах төвүүдэд хүлээн авчээ. Тус бүс нутгийн захиргаа тусламж хүсч Испанийн засгийн газартаа хандсан байна.
"Биднийг бүү орхи. Энэ бол улсын хэмжээний асуудал. Энэ асуудлыг шийдэх ёстой," хэмээн Сеутагийн бүс нутгийн захиргааны төлөөлөгч Хуан Ривас сэтгүүлчдэд ярьжээ.
2025 оны 7-р сарын 25-нд авсан гарсан бичлэгт 54 хүүхэд, 30 орчим насанд хүрэгчид Сеута руу сэлэн орж ирэх үеэр, зарим сэлэгчид цагдаагийн завь руу хүрч буй нь, арын хэсэгт өөр нэгэн бүлэг хүмүүс сэлж буй нь харагдаж байсан байна.
Өнгөрсөн оны 8-р сарын 26-нд мөн олон зуун цагаач манан ашиглан Мароккогоос Сеута руу сэлж ирсэн гэж орон нутгийн цагдаа мэдээлж байв. Харин 2021 онд нэг хүү хоосон хуванцар савнууд дээр хэвтэж байгаад Сеутад хүрэхийг оролдож буй дүрс бичлэг олныг цочирдуулсан юм.
Испанийн Мароккотой залгаа Газар дундын тэнгисийн эрэг дээрх хоёр эксклав болох Сеута ба Мелилья нь Европын Холбооны Африктай хуваалцдаг цорын ганц хуурай газрын хил юм. Эдгээр бүс нутгуудад Европ руу хүрэхийг зорьсон цагаачдын бөөнөөр нэвтрэх оролдлогууд үе үе гардаг.
Мароккогийн иргэд хил даван орж ирсэн тохиолдолд, хэрэв насанд хүрээгүй эсвэл орогнол хүсэгч биш бол шууд буцаадаг байна. Харин бусад орны иргэдийг тусгай төвүүдэд байршуулж, хэд хоногийн дараа суллаж явуулдаг.
3 жилийн өмнө, 2000 орчим цагаач Мелильягийн хилийн хашааг нураан дайрч орохыг оролдсоноос болж доод тал нь 23 хүн амь үрэгдэж байсан ноцтой хэрэг гарч байсан юм.









