



















Майкл Жэксоны хуучин бие хамгаалагч Билл Уитфилд 2009 онд попын хаан Майкл Жэксон нас барсан явдалтай холбоотой шинэ сенсаци дэгдээлээ. Тэрээр Майкл Жэксоны амьдралынх нь сүүлийн жилүүдэд бие хамгаалагчаар нь ажиллаж байсан бөгөөд нас барснаас хойш олон жил өнгөрсөн ч жинхэнэ шалтгаан нь үнэхээр санамсаргүй зүйл байсан уу, эсвэл илүү ноцтой зүйл байсан уу гэсэн эргэлзээ тээж ирсэн байна.
The US Sun-д өгсөн ярилцлагадаа Билл Уитфилд:
“Надад хэн нэгэн алдаа гаргасан гэж бодогддог. Би энэ явдал санаатай байсан уу гэж өөрөөсөө олонтаа асуусан. Гэхдээ санаатай байсан гэдэгтэй эвлэрч чаддаггүй. Харин Майклыг юу үнэхээр хөнөөсөн бэ гэж хүмүүс надаас асуухад би 'Олон зүйл' гэж хэлдэг. Бид бүгд оролцсон гэж боддог."
Тэрээр цааш нь:
"Майклтай ойр байхыг олон хүн хүсдэг байлаа. Түүнээс ямар нэгэн зүйл хүссэн хүмүүс ч маш олон байсан. Энэ нь түүнд маш их дарамт, стресс болж байсан юм. Стресс хүнийг хөнөөдөг. Тэр энэ амьдралд хэзээ ч авч чадахгүй амралтаа авахын тулд энэ ертөнцөөс явсан гэж боддог" хэмээн сэтгэлээ дэлгэжээ.
Билл Уитфилд 2006 оны арванхоёрдугаар сараас эхлэн Майкл Жэксоны бие хамгаалагчаар ажиллаж эхэлсэн байдаг. Энэ үе нь Жэксон хүүхдийн хүчирхийллийн хэрэгт холбогдон шалгуулж, улмаар цагаатгагдсаны дараах үе байв. Уитфилд Майклын сэтгэл зүйд энэ хэргүүд хэрхэн нөлөөлснийг дурдаад:
"Тэр маш их гунигтай байдаг байлаа. Бүх зүйл өөрчлөгдсөн. Олон хэрэг шүүхээр шийдэгдээд дууссан байхад би ажилд орсон юм. Намайг орохоосоо өмнө янз бүрийн цуу яриа сонсож байсан болохоор өөрийн эрхгүй болгоомжилж байлаа," гэжээ.
Мөн тэрээр Майкл Жэксоны хувийн амьдралыг анхааралтай ажиглаж байснаа дурсан:
"Хэрвээ тийм зүйл (хүүхэд хүчирхийлэх гэх мэт) байсан бол би мэдэх л байсан. Би түүний хүүхдүүдтэй, бусад хүмүүстэй хэрхэн харьцдагийг, орчин тойрныг нь маш нарийн анзаардаг байлаа. Би өөрөө ч тэр зүйлийг үнэн эсэхийг мэдэхгүй, болгоомжтой ханддаг байсан. Гэхдээ би тийм юм байхгүй гэдгийг олж харсан даа" гэжээ.
Мөн тэр Майкл Жэксоныг "Жинхэнэ сайн найз" гэж тодорхойлоод, хэзээ ч хүүхдэд хор хүргэх хүн биш байсан гэсэн байнн.
"Тэр нэг удаа 'Хэрвээ би хүүхдэд хор хүргэвэл өөрийнхөө судсыг ханана' гэж хүртэл хэлж байсан. Түүнд итгэл үзүүлж байсан хүмүүсийн энэ буруутгал түүнийг маш их өвтгөдөг байсан болов уу. Энэ бүхнээс болоод тэр их өөр болсон" гэсэн байна.
Майкл Жэксон 2009 оны зургадугаар сарын 25-нд, 50 насандаа Лос Анжелест нас барсан. ABC News-ын мэдээлснээр, түүний үхлийн шалтгаан нь пропофол хэмээх хүчтэй унтуулгын эмийн хэт их тун байсан. Биеийнх нь өвчин, нойргүйдлийг намдаах зорилгоор хувийн эмч Конрад Мюррей энэ эмийг өгч байсан бөгөөд Мюррей 2011 онд албан ёсоор "санамсаргүй хүн алсан" гэж буруутгагдаж, 4 жилийн хорих ял авч, 2 жилийг нь эдлээд 2013 онд суллагдсан билээ.










