
Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д Монголбанк оролцож, Монгол Улсын тогтвортой, ногоон санхүүжилтийн бодлого, эрх зүйн орчин, хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын зорилтыг дотоод, гадаадын төлөөлөгчдөд танилцуулж байна.
Энэ хүрээнд 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдөр COP17-ын “Цэнхэр бүс”-ийн павильонд Монгол Улсын банкны салбарын тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн бодлого, хэрэгжилтийг танилцуулах арга хэмжээ зохион байгууллаа. Оролцогчдод энэ чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, судалгаа, арга хэмжээний талаар гарын авлага, судалгааны бүтээл, богино хэмжээний дүрс бичлэгээр мэдээлэл хүргэв.


🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Мөн үеэр Toronto Centre, Luxembourg Sustainable Finance Initiative, Ernst & Young, NG Bank, Нидерландын хөгжлийн банк (FMO) зэрэг олон улсын байгууллага, санхүүгийн байгууллагын төлөөлөлтэй хоёр талын уулзалт хийж, тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн бодлого, зохицуулалтын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Монголбанк уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтлоос үүдэх эрсдэлийг мөнгөний болон санхүүгийн тогтвортой байдлын бодлого, зохицуулалттай уялдуулан авч үзэж буй туршлагаа энэ үеэр танилцуулав. Тухайлбал, “Тогтвортой санхүүгийн үндэсний замын зураг”, “Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксономи” зэрэг бодлогын баримт бичгийн хэрэгжилт, банкны салбарын ногоон зээлийг нэмэгдүүлэх, байгаль орчны зорилтот урт хугацааны санхүүжилтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа хуваалцлаа.











