



















Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг АТГ-аас хойшлуулшгүйгээр өчигдөр /2024.10.24/ 48 цагийн хугацаатай хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж авлигын гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж АТГ үзэн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Н.Баяртсайхан нь шалгагдаж байх явцдаа мэдүүлэг өгөхгүй, хил гарсан. Ингээд түүнийг интерполоор эрэн сурвалжилж байсан гэж эх сурвалж мэдээллээ.
Гэмт хэргийн зүйл ангийг нь тодорхой бичвэл, Эрүүгийн хуулийн 22.1.3 дахь хэсэг буюу Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон хэрэгт буруутгаж байна. Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэлтэй юм.
АТГ-аас Н.Баяртсайханыг 2016 оны долдугаар сараас 2019 оны арваннэгдүгээр сарын хооронд Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа "Капитал" банканд тавих хяналтаа сулруулснаас тухайн банк дампуурч Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын санд 240 тэрбум төгрөг, харилцагч, хадгаламж эзэмшигчид их хэмжээний хөрөнгөөрөө хохироход хүргэсэн хэмээн буруутган өмнө нь шалгаж байсан юм.
Н.Баяртсайхан нь УИХ-ын анхдугаар сонгуулиас хойш Монголын парламентад гурван удаа сонгогдож, УИХ-ын гишүүн, Сангийн сайд болон Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан намтартай.









